ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА

Энэхүү журмыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын хавсралтаар батласан бөгөөд журам нь 5 бүлэг 19 зүйлтэй.

   Энэхүү журамд зааснаар интернет, компьютер болон сүлжээний технологи ашиглан тоглоом тоглуулах үйлчилгээ эрхлэх цахим тоглоомын газруудад дараах шаардлага тавигдана.

Цахим тоглоомын газрын ажлын байранд дараах шаардлага тавигддаг. Тухайлбал:

1.  Олон нийтэд үйлчилгээ үзүүлэх таатай орчинг бүрдүүлж, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан байна.

2.  Үйлчилгээ үзүүлж байгаа стандарт шаардлага хангасан ажлын байр нь гадна талдаа хаяг, цагийн хуваарийг байршуулсан байх ба бүртгэлийн гэрчилгээ, ажиллах дотоод журам, үйлчилгээний үнийн тариф, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий самбарыг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар ил байрлуулна.

3.  Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 23.00 цаг хүртэл үйлчилнэ.

4.  9-16 хүртэлх насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд (4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаа) 20.00 цаг, өвлийн улиралд (10 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа) 18.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд өдөрт нэг удаа 2 цагаас илүүгүй хугацаагаар үйлчилнэ.

Дараах тохиолдолд цахим тоглоомын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээ олгох, түр түдгэлзүүлэх, хүчингүй болгохоор заажээ. Үүнд:

1. Цахим тоглоомын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээг холбогдох эрүүл ахуй, ажлын байрны нөхцөл, галын аюулгүй байдлын дүгнэлт, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо олгоно.
2. Энэхүү журмын нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй тохиолдолд бүртгэх байгууллага болон бусад эрх бүхий байгууллага нь зөрчлийг арилгах хүртэл үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг 7-оос 14 хоног хүртэлх хугацаагаар түр түдгэлзүүлж, энэ талаар бүртгэлийн гэрчилгээ олгох эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

3. Цагдаа, хүүхэд хамгаалах байгууллага, онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллага нь тавьсан шаардлага, мэдэгдлийг удаа дараа биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, гэрчилгээг хүчингүй болгуулах талаар бүртгэлийн гэрчилгээ олгох байгууллагад санал тавьж шийдвэрлүүлнэ. 

Цахим тоглоомын газруудад дараах зүйлсийг хориглохоор заажээ. Үүнд:

   1.Орон сууцны нэг давхар, зоорины давхарт үйл ажиллагаа явуулах;

   2.Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) тоглуулах, түүнийг зохион байгуулах, терроризм, аллага, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан тоглоом тоглуулах;

   3.Цахим тоглоомын үйлчилгээг 9 насанд хүрээгүй хүүхдэд үзүүлэх;

   4.Бичиг баримт, эд зүйлс барьцаалан иргэдэд үйлчлэх;

   5.Согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх;

   6.Интернэт кафены үйл ажиллагаа явуулж байгаа газарт цахим тоглоом тоглуулах

Хэрэв иргэн, хуулийн этгээд энэхүү журмыг зөрчвөл холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулахаар журамлажээ.

 

НИЙТЭЛСЭН: 2016-11-02 10:31:47