Авлигатай тэмцэх газраас авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийг чадавхжуулах онлайн сургалт хийлээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлига, ашиг сонирхлын зөрчил, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар суурь  мэдлэг, ойлголт өгөх, ажиллах журмыг танилцуулах онлайн сургалтыг  2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа. 

 Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дугаар тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 4.1.7.4-д орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулахаар заасан ба үүний дагуу Авлигатай тэмцэх газраас 2016 оны 11 сард 21 аймагт ажиллаж уг дэд зөвлөлийн гишүүдийг судлан, сонгон шалгаруулсан юм.     

 Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн ажиллах журмыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Авлигатай тэмцэх газрын дарга хамтран 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/53, А/44 дүгээр тушаалаар баталсан.

Уг дэд зөвлөл нь 21 аймагт 78, нийслэлд 30, яам, агентлагын дэргэд 60 гишүүнтэйгээр буюу нийт 168 гишүүнтэйгээр улсын хэмжээнд дараахь 3 чиглэлээр нийт 16 үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.    

             Үүнд:

-Аливаа шийдвэр гаргах ажиллагааны ил тод байдлыг хангах, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, түүнд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох;

-Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдалд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох;

-Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд, олон нийтийн хяналт тавих, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

НИЙТЭЛСЭН: 2017-06-30 14:54:04