ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МАЛ АЖ АХУЙН ХАВАРЖИЛТЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

 Одоогийн байдлаар 18 сумын 87 багийн 7106 малчин өрхөд 3513.4 мянган толгой мал хаваржиж байна. Үүнээс адуу 130.0 мянга, тэмээ 43.7 мянга, үхэр 85.2 мянга, хонь 1057.7 мянга, ямаа 2196.8 мянган толгой байна.        Аймаг дундын Бор аргалантын отрын бүс нутаг 46 өрхийн 35.3 мянган толгой мал, хилийн зурваст 81 өрхийн 75. мянган толгой мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 197 өрхийн 105.4 мянган толгой мал, өөр аймгийн нутагт 14 өрхийн 8.8 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 136 өрхийн 81.4 мянган толгой мал, нийт 474 өрхийн 306.0 мянган толгой мал отроор хаваржиж байна.  

          Хүнс, хөдөө аж ахуйн газар дээр  Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, цаг үеийн ажлын талаар шуурхай мэдээлэл авах штаб байгуулан ажиллуулж  байна. Шуурхай штаб нь Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын талаар сумдаас 7 хоног бүрийн мэдээллийг авч ХХААХҮ-ийн яамны Мал аж ахуйн бодлогыг хэрэгжүүлэх  газар, аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газарт тус тус хүргүүлэн  хамтран ажиллаж байна.

Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож Алтайн өвөр говь, Дэлгэр, Жаргалан, Баян-уул,Тайшир, Халиун, Есөнбулаг сумдад 01 сараас хойш цас ихээр орж, цасан шуурга шуурч өвөлжилт, хаваржилт хүндэрч эхэлсэн. Мөн 02 дугаар сарын эхний 10 хоногт аймгийн нийт нутгаар цас үргэлжлэн орж хүйтний эрч чангарч цасны зузаан нэмэгдэн малын өвс тэжээл хомсдож, хээл хаялт, хорогдол ихсэж өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэн байдалтай байна.    

02 дугаар сарын дунд арав хоногт бүх нутгаар 1-3 удаа цас орсон ба Төгрөг 7.6 мм, Тонхил 4.3 мм, Эрдэнэ 3.7 мм, Цээл 3.5 мм, Баян-Уул 2.8 мм, Дарив, Халиун, Есөнбулаг  2.6 мм, Дэлгэр 2.5 мм, Бугат 2.4 мм, Тоорой, Гуулин, Тайшир, Чандмана 2.0 мм, Жаргалан 1.9 мм, Хөхморьтод 1.6 мм, Цогтод 1.4 мм, Алтай, Бигэрт 1.0 мм, Шаргад 0.4 мм хур тунадас орсон байна.

Салхины хамгийн их хурд  Бугат сумд 20 м/с, Бигэр сумд 16 м/с, Алтай сумд 15 м/с Есөнбулаг, Гуулин, Дэлгэр, Тайшир, Халиун, Чандмана сумдад 12 м/с, бусад сумуудад 5-10 м/с хүрч шуурсан байна.

        Өнгөрсөн жил зуншлага аажуу болж бэлчээрийн ургамал муу гарсан болон аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа, шөнөдөө хэт хүйтэн / өдөртөө 1-24 градус хүйтэн, шөнөдөө 16-32 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь өдөртөө Шаргад 24 градус хүйтэн, шөнөдөө Шарга 32 градус хүйтэн/ хонож байгаагийн улмаас мал сүрэг өвс, тэжээлийн дутагдалд орж малын зүй бусын хорогдол гарч байна.

       02 дугаар сарын 28-ны байдлаар 12.9 мянган толгой буюу нийт малын 0.4 хувь хорогдсон байна. Үүнд: тэмээ 12, адуу 605, үхэр 1587, хонь 3333, ямаа 7411 толгой байна. 2500 эм ямаа, 300 толгой гүү хээл хаясан мэдээтэй байна.

          Аймгийн хэмжээнд 1570.8 мянган эх мал төллөхөөс 8.2 мянган толгой мал төллөж, мал төллөлт 0.5 хувьтай, төл бойжилт 94 хувьтай байна. Нийт гарсан төлийн 5.9 хувь буюу 0.5 мянган толгой төл хорогдсон байна. Эх нь жилбэгүй төрж байгаагаас гарсан төл  хорогдож  эхлээд байна.

          Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд  200 тн өвс, 100 тн тэжээл, сумууд аюулгүйн нөөцдөө 439.5 тн өвс, 412 тн тэжээл бэлтгэж аймгийн хэмжээгээр нийт 639.5 тн өвс, 512 тн тэжээл бэлтгэсэнээс сумууд аюулгүйн нөөцийн өвс тэжээлээ зарцуулж дууссан бөгөөд аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцийн Шарга сум дахь агуулахад хадгалагдаж байгаа өвсийг хямдруулж 7.0 мянган төгрөгөөр, тэжээлийг худалдан авсан үнээр буюу 13.9 мянган төгрөгөөр 02 дугаар сарын 12-наас эхлэн малчдад худалдан борлуулж байна.

              Аймгийн зах зээл дээр  өвс тэжээлийн чанар, жингийн хэмжээнээс хамаарч  нэг боодол өвс 12000-15000 төгрөг, тэжээл 14000-17000 төгрөгийн үнэ ханштай байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-01 00:00:00