ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

Тус газар нь дарга, мэргэжилтэн 8, сумдад 23 байгаль хамгаалагч, нягтлан, нярав, жолооч, бичиг хэрэг, үйлчлэгч зэрэг нийт 41 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлүүдийн биелэлтийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж жил, улирлын ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх, сумдын удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Шинэчлэгдэн батлагдсан байгаль орчны багц хуулиуд болон холбогдох дүрэм журмуудыг хэрэгжүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж байна.

      Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 8 төрийн бус байгууллага, 40 нөхөрлөл, 27 эко клуб, нийт 75 оролцооны бүлэгт 1870 хүн хамрагдан, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 113 идэвхитэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж байна.

Байгууллагын үйл ажиллагаа мэдээ, мэдээллийг www.facebook.com/page/говь-алтай-аймгийн-байгаль-орчны-газар фэйсбүүк хуудас, Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн санг www.govi-altai.nature.gov.mn байнга мэдээллээр баяжуулан, тасралтгүй ажиллуулж байна.

Улс, орон нутгийн хэмжээнд мазаалай баавгай, монгол бөхөн, хавтгай тэмээ, тахь адууг хамгаалах, өсгөн үржүүлэх, удмын санг хамгаалах, судалгаа шинжилгээний олон улсын болон улсын судалгааны шинжилгээний төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байна.        

Аймгийн ЗДТГ, БОАЖГ, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран “Говь-Алтай аймгийн бахархалт амьтан “Мазаалай баавгай”-г хамгаалах, сурталчилах, амьдрах орчныг тэтгэх ажилд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 02 сарын 22-ны өдөр төрийн болон төрийн бус байгууллагууд, орчны бүсийн сумд, хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулсан. Аймгийн бахархал амьтан мазаалай баавгайг сурталчилан таниулах, иргэд, хүүхэд залуусын мазаалайн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, хайрлан хамгаалах сэтгэхүйг төлөвшүүлэх, хамгаалах, амьдрах орчныг тэтгэх ажилд иргэд, албан байгууллагуудыг татан оролцуулахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байлаа.  Хэлэлцүүлэгт оролцогчид мазаалай баавгайг хамгаалах, сурталчилан таниулах, амьдрах орчныг нь тэтгэх талаар олон санал, санаачлагуудыг гаргасан бөгөөд 2016 онд тусгайлан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Баян-Уул, Хөхморьт, Халиун сумдад тус бүр 1 булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Гадаргын ус хуримтлуулан хөв цөөрөм байгуулах ажлын хүрээнд Төгрөг сумын Далантүрүүний хөвийг сэргээн засварлах ажлыг Ус Алтай ХХК гүйцэтгэж байна

2014-2015 онд Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний 17,5 сая төгрөгийн санхүүжилтээр мод үржүүлгийн газарт мөчрөөр, хүлэмжид үрслүүлгээр тарьц, суулгац ургуулан бэлтгэх ажлыг аймгийн Сум дундын ойн ангитай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, Дэлгэр сумын Гуулин тосгоны мод үржүүлгийн газарт 16000, Бигэр сумын Өөшийн голын мод үржүүлгийн газарт 12000, нийт 28000 ширхэг шар хуайс, хайлаас, бургас, улиас болон жимсний модыг тарьж ургууллаа.

Энэ онд Жаргалан сумд 3 га талбайд ойжуулалтын ажлыг Миний бүрэн ХХК гүйцэтгэж байна.

Германы хамтын ажиллагааны GIZ төслийн багийнхантай хамтран 2016 оны 6 сарын 15-наас 6 сарын 22-ны хооронд Халиун сумын Олонбулаг, Бугат сумын Алаг нуур, Алтай сум, ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргаа Тахийн тал  зэрэг газруудад ажиллаж заган ойн ашиглалт хамгаалалт, загны түлшний хэрэгцээг багасгах, нөхөн сэргээх арга замыг судлах санал асуулгыг нутгийн иргэд болон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нараас авлаа. Мөн заган ойн тархалтыг сансрын зургаар ажиглалт хийх, цэг сонгох, заган ойн нүүрс хүчлийн хий шингээх чадамжийг үнэлэх, газруудыг сонгосон.

Байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт зүйлс,  нэн ховор, ховор амьтан, ургамал, тэдгээрийн тархац нутгийг хамгаалах, газрын доройтлыг нөхөн сэргээх зорилгоор 2014 онд   67 газар нутгийг, 2015 онд  49     газрыг хамгаалалтанд авснаар нийт  120 газрын 2717001,426 га буюу 19,1 % нь орон нутгийн тусгай хамгаалалтанд хамрагдаад байна. /аймаг, сумын ИТХ-ын тогтоолоор/

Газрын доройтол цөлжилтийг сааруулж, бэлчээрийн менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд        Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй Монгол бөхөн төсөл болон Швейцарын хөгжлийн агентлагийн  санхүүжилттэй “Ногоон алт”, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, НҮБ-ийн ХАА-г хөгжүүлэх олон улсын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил”, Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II”  төслүүдтэй хамтран ажиллаж байна.

Төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд, нутгийн иргэд, жуулчдын зохистой оролцоог хангадаг, эдийн засгийн үр ашигтай аялал жуулчлалын тогтолцоог бүрдүүлэхэд  анхаарч дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2014 онд төр, хувийн хэвшлийн жигд оролцоог хангасан ард иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд  чиглэсэн “Говь-Алтай аймагт аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөр” батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Аймгийн  хэмжээнд  жуулчдыг хүлээн авч  байршуулж  үйлчлэх    жуулчны  бааз 3, зочид  буудал 7, амралт  сувиллын  газар 5, дэн буудал 33, ангийн отог 1 тус тус ажиллаж байна.

Монгол элс, Эрээн нуурыг түшиглэн “Элсний фестиваль” наадмыг “Уран тахилт” ХХК- ий “Эрээн нуур” жуулчны баазтай хамтран 2 дахь жилдээ  зохион байгууллаа. Фестивалийн үеэр адуучин, морин поло, элсний волейбол, элсний сумо, буухиа, , урлаг, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. Цаашид дотоод, гадаадын жуулчдыг татах томоохон арга хэмжээ болгон уламжлал болгон зохион байгуулж байх юм.

Мөн байгалийн дурсгалт газар Ээж хайрхан уулыг түшиглэн бясалгалын зан үйлийн ёслол үйлдэх, уламжлалт зан заншлыг сэргээх, гадаад дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой “Ээжийн элбэрэл” бясалгалын аяллыг  энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Монголын аялал жуулчлалын салбарын томоохонд тооцогдох “ITM-2016” олон улсын үзэсгэлэн нийт 289 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулсны дээр манай аймаг “Мазаалайн нутгаар аялцгаая” уриан дор орон нутгаа сурталчилан амжилттай оролцлоо.

НИЙТЭЛСЭН: 2016-09-14 14:00:00