АЛТАЙ ХОТЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг өнөөдөр буюу Есдүгээр сарын 17-ны өдөр цахилгаан, дулаан, ус хангамжийн байгууллагуудын ажил байдалтай газар дээр нь танилцлаа. Өнөөдрийн байдлаар аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна гэж дүгнэгдсэн бол “Ирэх долоо хоногт өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдана. Ажлын хэсэг ширээний ард хуралдах биш нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг богино хугацаанд шийдэхэд онцгой анхаарч ажиллана” хэмээн тус ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат мэдээлэв.
“Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаран хувьтай байна. Одоогоор зарим нэг сумдын шугам сүлжээтэй холбоотой ажлууд аравдугаар сарын 15 гэхэд бүрэн хийгдэж дуусна. Өнөөдрийн байдлаар системийн хувьд  8 дизель мотор бэлтгэлд байгаагаас 4 дизель мотор ажиллаж байна. Дизель станцууд 340 гаруй мянган тонн буюу 40 хоногийн түлшний нөөцийг бэлдсэн байна.  Тайшир УЦС-ын хувьд 1 агрегат ажиллаж өдөрт 3МВт хүчин чадлыг үйлдвэрлэж байна. Усны түвшин нэмэгдэн 1774 хүрсэн тул цаашид 2 агрегатаар өвлийн турш тасалдалгүй ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангагджээ. Системийн хэмжээнд өдөрт 10-12 МВт хүчин чадлыг үйлдвэрлэж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллын үед 17-18 МВт хүртэл хэрэглээ өсдөг байна. 
Мөн “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна. Энэ жилийн хувьд орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн томоохон ажил хийгдээгүй ч траншейн тагжуулах, усны хаалт солих, гүний болон бохирын худгуудын цэвэрлэгээ үйлчилгээ хийх зэрэг өдөр тутмын  ажлуудаа сайжруулж байнгын бэлтгэлтэй байгаа ажээ. Гүний зургаан худаг байдгаас 5, 6 дугаар худгийн усны ундарга багасчээ. Дөрвөн худаг баталгаатай ажиллаж аймгийн хэмжээнд хоногт 1700-1800 тонн ус хэрэглэгчдэд хүргэж байна.  
Харин “Мандал голомт” ХХК-ий уурын зуухнуудын бэлтгэл ажил 90 хувьтай байна. Халаалтыг өнөөдрөөс өгч эхэлсэн бөгөөд 1-р зууханд 1 тогоо ажиллаж,  4 тогоо галлагаанд бэлэн байгаа хэдий ч цахилгааны байдлаас шалтгаалан зарим  засвар яаралтай хийгдэж байна.  2-р зуухны хувьд хангалттай хүчин чадалтай байгаа бөгөөд одоогоор гурван тогоо нөөцөд байгаа юм. 3-р зуух энэ сарын 15-ны өдрөөс эхлэн усаа шахаад халаалтаа өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар ажил нь жигдэрч нөөцөд 2 тогоо байгаа ажээ. 
Дулаанаар хангагч байгууллага зуухнууддаа утаа шүүгч шинээр суурилуулсан гэх зэрэг иргэдийнхээ аятай тухтай өвөлжих нөхцөл бололцоог бүрдүүлэхээр дор бүртээ бэлтгэл ажлуудаа хангаад  байна. 
 
 
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2018-09-18 01:08:35