Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн танилцуулга

Түүхэн товчоо

1942 онд ҮЭХ-ны дэргэд анх нийгмийн даатгалын байгууллага байгуулагдаж, 1970 оноос эхлэн аймгийн АДХГЗахиргааны Санхүүгийн хэлтсийн бүрэлдэхүүнд орсноор нийгмийн даатгалын үйлчилгээ төрийн мэдлийн болсон түүхтэй.

1974 онд Хөдөлмөр Нийгмийн Халамжийн Хэлтэс, 1984 оноос Нийгмийн Даатгалын Хэлтэс нэртэйгээр бие даан ажилласан.          

1995 оноос нийгмийн даатгалын шинэ системд шилжин, нэрийн данс, эрүүл мэндийн даатгал зэрэг олон шинэ зүйлийг нэвтрүүлэн ажиллаж байна.

2016 оноос Нийгмийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нэртэй болж өөрчлөгдсөн.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс

Тус хэлтсээс 2017 оныг “Эерэг хандлага-Чанартай үйлчилгээ”-ний жил болгон ажиллаж энэ ажлын хүрээнд иргэд даатгуулагч нарт чанартай үйлчилгээг хүргэх, сэтгэл ханамжаар үнэлэгдэх үйлчилгээний зорилтуудыг тавин ажиллаж байна.  

           Аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын  хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, ажил олгогч, иргэдийг  нийгмийн даатгалд хамруулах, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, уг сангаас даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоон олгох ажлыг эрхлэн зохион байгуулах  өргөн цар хүрээтэй, өндөр хариуцлагатай үүргийг гүйцэтгэж ирлээ.

          Тус хэлтэс нь 17 сум, Гуулин, Баянтоорой тосгоны нийгмийн даатгалын байцаагч нарыг оролцуулан нийт 40 ажилтантай. Нийт ажиллагсдын 96 хувь нь санхүү, эдийн засгийн дээд боловсролтой.

            2008 онд ажил үйлсээрээ улсад шалгаран  Нийгмийн Даатгалын системийн шилдэг хамт олноор шалгарсан.  Манай хамт олны дотор Алтан гадас одонт 1, Хөдөлмөрийн хүндэт медальт 3, Мэргэшсэн нягтлан бодогч 2, “Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын тэргүүний ажилтан” 21, “Санхүү банкны тэргүүний ажилтан” 18,  “Нийгмийн даатгалын хүндэт ажилтан” цол тэмдэгтэй 22 байцаагч, бусад салбарын тэргүүний ажилтан 5 хүн ажиллаж байна.