Байгууллагууд
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС

Мэндчилгээ

 

Стандарт хэмжилзүйн байгууллагын албыг нэр төртэйгээр гүйцэтгэж байсан үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа  системийн ажилтнууд, бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэндчилье. Орон нутагт Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Хүнсний тухай, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд өөрсдийн оюун ухаан, мэдлэг чадвар, авьяас билгээ дайчлан ажиллаж эх орныхоо хөгжилд өөрсдийн бүтээлч хувь нэмрээ оруулж байгаа зорилго нэгт та нарын маань цаашдын ажил үйлс улам өөдрөг байж,  эрүүл энх, аз хийморь, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


   

 

  ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН СТАНДАРТ,

ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Г. АРИУНБОЛД     

 

ТҮҮХЭН ТОВЧОО

 

                    Стандарт хэмжилзүйн хэлтэс нь анх 1981 онд Үнэ стандартын чанарын хорооны тогтоолын дагуу “Үнэ чанарын хэлтэс” нэртэйгээр байгуулагдсан. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 сарын 24 өдрийн 67-р тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Стандартчилал хэмжилзүйн хэлтэс” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон.

 Стандарт,  хэмжил зүйн хэлтэс нь Говь- Алтай  аймгийн нутаг дэвсгэрт Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль мөн Хүнсний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиуд болон тэдгээртэй холбогдох бусад хууль, тогтоомж түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл мэнд байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдлыг хангахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас удирдлага, арга зүйгээр хангагдан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, сорьцын хяналт, стандартын мэдээлэл лавлагаа гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн захиргааны байгууллага юм.

 

Стандарт, хэмжил зүйн хэлтсийн чиг үүрэг, чанарын бодлого, үйлчилгээ

 

Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үндсэн чиг үүрэг:

  • Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалт,тохирлын үнэлгээ
  • Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт
  • Сорьцын хяналт
  • Стандартын мэдээлэл, лавлагааны салбар сангийн үйлчилгээ

                                                                                      

Стандарт, хэмжил зүйн хэлтсийн чанарын бодлого:

Стандарт, хэмжил зүйн төрийн үйлчилгээг Монгол улсын хуулийн хүрээнд , тогтоогдсон дүрэм, журмын шаардлагын дагуу хэрэглэгчийн сэтгэл ханамжинд нийцүүлэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөн шуурхай хүргэх явдал юм.

Итгэмжлэлийн талаар:

Тус хэлтсийн Баталгаажуулалтын алба нь 1998. 2001. 2004. 2008. 2011. 2014 онд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалт, Хэмжилзүйн нэгдсэн лаборатори нь 1998. 2001. 2004. 2008. 2011. 2014 онд хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэхээр тав дахь удаагаа итгэмжлэгдэн ажиллаж байна.

Үйлчилгээ аж ахуйн тасаг

            Тус хэлтсийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах зорилго бүхий үйлчилгээ аж ахуйн тасагт  хэлтсийн дарга , нягтлан-1, хүний нөөц-Архив бичиг хэргийн ажилтан -1, нярав, жолооч-1,  Харуул, үйлчлэгч-1,  нийт 5 орон тоотой ажилладаг.

Баталгаажуулалтын алба

Бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв, оновчтой сонголт хийхэд туслах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах,шударга өрсөлдөөнийг дэмжих замаар зах зээлийн эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх, нийгмийг хөгжүүлэхэд тохирлын үнэлгээ, баталгаажуулалтаар дэмжлэг үзүүлэх.  

 Стандартын мэдээлэл, лавлагааны салбар сангийн үйлчилгээ

Стандарт гэдэг нь бүтээгдэхүүний үзүүлэлт,  шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж,  эрх бүхий байгууллагаас баталсан баримт бичгийг хэлнэ. 

Стандартын салбар сан нь фонддоо 2000 гаруй стандарттай, жилд дунджаар 300 гаруй байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд 100 гаруй нэр төрлийн стандартаар үйлчилж байна. 

Хэмжил зүйн нэгдсэн лаборатори

Хэмжил зүйн лаборатори нь аймгийн нутаг дэвсгэрт Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлэх, хэмжлийн үнэн зөв байдлыг хангахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг. Хэмжил зүйн нэгдсэн лаборатори нь хэмжлийн 4 төрлөөр баталгаажуулалтыг хийдэг.

1. Механик (хүнд) - ийн хэмжих хэрэгслийн лаборатори

2. Эзэлхүүн багтаамжийн хэмжих хэрэгслийн лаборатори

3. Цахилгааны хэмжих хэрэгслийн лаборатори

4. Дулаан, даралтын хэмжих хэрэгслийн лаборатори

НИЙТЭЛСЭН: 2017-02-08 12:17:55