Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх

Манай аймагт эпидемиологийн 2 дугаар долоо хоног буюу 1 сарын 14-ний  байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн нийт 2690 үзлэгээс 257 буюу 9,6%-ийг, яаралтай тусламжийн дуудлагын 331 үзлэгээс 65 буюу 19,6%-д томуу томуу төст өвчин гэж оношлогдсон нь өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар их байна.

Томуугаар өвчлөгсдийн 81,7% нь 15, үүнээс 63,8%-ийг 4 хүртэлх насныхан эзэлж байна.

2019 оны 1 дүгээр сарын 15-ны байдлаар Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нийт 23 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 100% томуу, томуу төст өвчний шалтгаантай, үүнээс 4 хүүхэд хүнд байна.

Энэ жилийн хувьд томуугийн А хүрээний (H1N1), (H3N2) вирүсийн тархалт давамгайлж байна. А хүрээний томуугийн вирүсийн онцлог нь өндөр халуурах, толгой өвдөх, хуурай зовиуртай ханиалгах, хамраас нус гойжих, хамар битүүрэх, хоолой, үе мөч, булчингаар өвдөх, зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдэгээр илэрч нянгийн гаралтай хаталгаагаар маш хурдан хүндрэх эрсдэлтэй, хурдан халдварладаг тул бүх насныхан өвчлөх боломжтой бусад вирүсийг бодоход хоруу чанар ихтэй байдаг.

 Иймд эмийн сангаас дур мэдэн эм авч уухгүй өрх болон нэгдсэн эмнэлгийн эмчийн зааврын дагуу эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

 

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

 

  • Бага насны хүүхдийг аль болох  дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиадтай бол гэрээс гарахгүй байх.
  • Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах тохой, суга руугаа ханиалгах, амны хаалтыг тогтмол хэрэглэх, 2 цаг тутамд солих,
  • Гараа байнга савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих,
  • Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
  • Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг  уулгах;
  • Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах; 
  • Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах;
  • Сармисны  уусмал бэлтгэх заавар:  500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутын дараа хоолойг зайлна.
  • 2%-ийн содын уусмал бэлтгэх заавар: 100 грамм бүлээн усанд 2гр /цайны халбаганы тал/ хийж найруулан, тэр даруйд нь хоолойг зайлна.
  • 5%-ийн  давсны  уусмал бэлтгэх заавар: 100 грамм усанд 5 грамм / цайны халбага/  хоолны давс буюу жамц  давс  хийж, найруулан тэр даруйд нь хоолойг зайлна.
  • Гэр болон өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх;
  • Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэнд 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харъяа сум,  өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх.

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-15 06:22:00