АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

           Аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Инээмсэглэл-эерэг хандлага” уриан дор 2019 оны 03 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн салбарын удирдлагууд, нийт 70 гаруй хүн оролцож байна. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг нар оролцож орон нутгаас Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, 2018 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулж зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

           Зөвлөгөөний үеэр  Эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулж I зэргийн болзлыг Баянтоорой тосгоны цэцэрлэг II  зэргийн болзлыг Баянтоорой тосгоны Эрүүл мэндийн төв, Тонхил сумын цэцэрлэг, Жаргалан сумын Эрүүл мэндийн төв, III зэргийн болзлыг Энх-Алтай өрхийн эмнэлэг, Есөн булаг сумын III сургууль, Шарга сумын Соёлын төв тус тус хангажээ.

          Мөн энэ үеэр “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын “Эх хүүхдийн эрүүл мэнд” тусгай төслөөс Бигэр, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тонхил, Халиун сумдын Эрүүл мэндийн төвд сургалтын зориулалтаар нэг бүр нь 3.2 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн 5 ханатай гэр олголоо.

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-06 03:39:40