“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

             Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлтийг 4 дүгээр сарын 22-ны өдөр орон даяар зохион байгуулж байгаатай холбогдуулан төв талбайд нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагааг “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг нээж үг хэллээ. Мөн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батжаргал нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ.

Нээлтэд уг хөтөлбөрийг мэргэжил, удирдлага арга зүйгээр хангах гол байгууллага болох Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа, Боловсрол соёл урлагийн газрын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Х.Наранцэцэг, Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга Б.Энхцэцэг нар оролцсон юм.

Түүнчлэн III цэцэрлэг, I сургуулийн багачууд мэндчилгээ дэвшүүлэн, Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд шүдээ тогтмол угааж байхыг оролцогчдод уриаллаа.

 “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулахыг зорьж байгаа юм. Хөтөлбөрийг цахим хяналтаар явуулах бөгөөд эхний ээлжид 2-6 насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлнэ. Нэг хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар 60 мянган төгрөг зарцуулахаар тооцсон байна. Манай аймгийн хэмжээнд 2-12 настай 12623 хүүхэд байгаа бөгөөд энэ онд 2-6 настай 5970 хүүхэд үзлэг шинжилгээнд хамрагдах юм.

НИЙТЭЛСЭН: 2019-04-22 08:47:14