“ЭХ БАРИХЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” УР ЧАДВАРЫН СУРГАЛТЫН ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО

     ЭМЯ-ны Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өсвөр үе хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч А.Илиза, НҮБ-ын Хүн амын сангийн эх, нярайн төслийн удирдагч Б.Цэдмаа, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн ажилтан Солонго, ЭХЭМҮТ-ийн их эмч, мэргэжилтэн Чинзориг нар 2019 оны 04 дүгээр сарын 19, 20  өдрүүдэд манай аймагт ажиллалаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх амаржих газарт НҮБ-ын Хүн амын сангаас 38 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг олгон эмнэлзүйн танхим байгууллаа. Уг танхимын нээлтэд НҮБ-ын "Эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах" төслийн багийнхан оролцож 4 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. 

Нэгдсэн эмнэлгийн амаржих газарт 11 өртөө бүхий сургалтын хэрэглэгдэхүүн өгсөн нь амаржих газарт ажиллаж буй эмч, эх баригч, сувилагч, АШУИС-ийн салбар сургуулийн оюутнуудын мэдлэг ур чадварыг сайжруулах, ажлын байрандаа хөгжих боломжоор хангагдсан юм. 

НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч А.Илиза “НҮБ-аас улсын хэмжээнд бүх аймагт энэхүү танхимаа нээнэ. Ингэснээр амаржих газар ажилладаг өөрөөр хэлбэл төрөх үйл ажиллагаанд оролцдог эмнэлгийн мэргэжилтнүүд дадлагын биетүүд дээр ажиллаж ур чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн амаржих газрын эрчимт эмчилгээний өрөөнд ЭХЭМҮТ-тэй 24 цагаар холбогдох боломжтой өндөр хүчин чадлын 360 градус эргэдэг камер, компьютер бүхий харилцааны лабораторийг тохижууллаа. 

Ур чадварын танхимын нэгдсэн лабораторийг ЭХЭМҮТ-д байгуулсан байгаа. Ингэснээр эмчлүүлэгчдэд хүндрэл гарсан тохиолдолд орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-тэй холбогдон видеогоор зөвлөгөө авах боломжтой” гэдгийг онцолсон юм. 
Мөн нэгдсэн эмнэлгийн “Өсвөр үед зөвлөгөө өгөх кабинет”, Хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцаж, зөвлөгөө өгч ажиллалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2019-04-23 03:35:27