“ЭХ , ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХ “ ТУСГАЙ ТӨСӨЛД 395 МЯНГА ГАРУЙ АМЕРИК ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ХИЙГДЖЭЭ

           Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Говь-Алтай ОНХ-ийн “Эх , хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах “ тусгай төслийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Дэлхийн Зөн, Германы Ази, Номхон далайн бүсийн орнууд хариуцсан захирал Anja Marie Gold манай аймагт ажиллаж байна.

         Anja Marie Gold аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж төслийн хүрээнд зохион байгуулсан ажил, гарсан үр дүнгийн талаар санал солилцлоо.

        Төслийн хүрээнд 395 мянга гаруй америк долларын санхүүжилтээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүд бэлтгэж чадавхжуулах, сумдын удирдлагуудад нөлөөллийн ажил зохион байгуулах, нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн сэхээн амьдруулах өрөөний тоног төхөөрөмж нийлүүлэх, сумын эрүүл мэндийн төвүүдийн эхийн амрах байрыг тохижуулах зэрэг эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хийгдсэн байна.

         Тус тусгай төсөл нь 2015-2019 онд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах зорилготойгоор хэрэгжиж ирэх 9 дүгээр сард дуусаж байгаа юм.

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-13 09:20:34