АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.СҮРЬЯАГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО
Аймаг орон нутаг төр түмэндээ танигдсан алдар цуутай эрхмүүдийг ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах, тэдний хийсэн гавьяа зүтгэлийг алдаршуулах үүднээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор аймгийн Нийтийн номын санг Ахмад зохиолч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, түүхч, утга зохиол судлаач  Дэгээхүүгийн Сүрьяагийн нэрэмжит болгохоор болсон билээ. 
Ахмад зохиолч Д.Сүрьяа гуайн хөшөөний нээлт, нэрэмжит номын сангийн хаяг байрлуулах арга хэмжээ өнөөдөр буюу 9 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.  Ёслолын арга хэмжээнд Д.Сүрьяагийн үр хүүхэд ач зээ болон аймгийн Засаг даргын орлогч  Ж.Ганбат,  Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, БСШУЯ-ны сайдын зөвлөх В.Алзахгүй болон албаны бусад хүмүүс оролцсон юм. 
Ахмад зохиолч, түүхч, Ч.Лодойдамбын шагналтан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Сүрьяа нь 1918 онд Засагт хаан аймгийн Засагт ханы хошууны баруун урд Хантайшир нурууны өвөрт  малчин ард Дэгээхүүгийн 9 дэх ихэр хоёр хүүгийн нэг болж мэндэлжээ. Тэрээр 1937 оноос “Миний нутаг”, “Өвөл” шүлгүүд, “Очирбат” найраглал зэрэг шүлэг зохиолыг бичиж, 1940 онд зохиолчдын эвлэлийн гишүүн болон зохиол бүтээл туурвихын зэрэгцээ, 1941-1942 онд Анхны шог сэтгүүл “Хурц дөл” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж энэ сэтгүүлээс “Тоншуул” сэтгүүл төрөн гарчээ.
Мөн 1950-аад оноос ардын аман зохиолын чиглэлийг судлаж, аман яриа, хошин үлгэрийг судлан цуглуулж, түүврийг эмхэтгэн бэлтгэж Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонины үйлдвэрт Далан худалч бэлэн Сэнгэ (1969), Бадарчин Баадайн инээдэмт паян (1970) хошин яриа үлгэрийн түүврүүдийг эмхэтгэн хэвлүүлжээ.
Мөн монгол ардын тууль “Гэсэр”, “Жангар”-ыг судлан орчин цагийн монгол хэлний шүлгийн хэлбэрээр өсвөр үе хүүхдийн зохиол болгон бэлтгэсэн байна.
Хөдөө аж ахуйн нэгдэлжих хөдөлгөөн үүсч байсан үеийн амьдралыг харуулсан “Гэрэл”, “Шуурга” туужууд, “Шинэ одны гэрэл” дурдатгалууд, “Галууны дэгдээхэй” хүүхдийн зохиолын түүвэр, “Нэгэн зургийн учир”, “Тэрэгчин” туужууд, “Говийн сайхан Гоогормаа”, “Худгийн Дэмбээ”, “Онгоц газардав” өгүүллэгүүд зэрэг олон сайхан зохиол бүтээлүүдийг туурвижээ.
Мөн Эзэн Чингис хааны талаар судлаачдад асуудал дэвшүүлсэн “Чингисийн гурвалжин” (1989), “Чингис хааны хар цагааны дэнс” (1991) нийтлэлүүдийг бичжээ. Ахмад зохиолч Д.Сүрьяад 1992 онд Ч.Лодойдамбын нэрэмжит шагналын олгосон байна.
Улс нийгэмдээ тасралтгүй 50 жил ажиллахдаа Монголын залуучуудын эвлэлийн төв хорооны гишүүн, МАХН-ын XVI хурлын их хурлын төлөөлөгч, Ардын их хурлын депутат, Говь-Алтай аймгийн намын хорооны бага хурлын гишүүнээр 6 удаа, аймгийн АДХ-ын депутатаар 5 удаа, намын ээлжит их хурлын төлөөлөгчөөр 1 удаа сонгогдож байжээ.
Д.Сүрьяагийн туулсан дайчин замнал, хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлэн “Бид ялав” медаль, “Байлдааны медаль”, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, “Алтангадас” одонгоор  тус тус шагнасан бөгөөд 1974 онд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол хүртсэн байна.
Ахмад зохиолч Д.Сүрьяа нь өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймгийн төв Алтай хотод амьдарч байгаад 1992 онд насан өөд болжээ.
НИЙТЭЛСЭН: 2018-09-29 01:02:43