АЙМГИЙН АВАРГА БОЛСОН МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

        Аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэ, Чандмань, Бигэр сумдад ажиллаж, Аймгийн аварга малчнаар шалгарсан малчдын шагналыг гардуулж, малчдын санаа бодлыг сонсож, өвөлжилтийн байдалтай танилцлаа.

            Тус сумдаас Эрдэнэ сумын Өлзийт багийн малчин Р.Ганболд,  Цагаан уул багийн малчин Ц.Энхболд, Цагаан уул багийн малчин Г.Бэрэнчомбо, Цагаан уул багийн малчин Х.Батзаяа,  Цэцэг нуур багийн малчин Б.Бяруузана, Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн малчин Б.Хуягбаатар, Өлзийбулаг багийн малчин Б.Нямдорж, Эрдэнэ-Уул багийн малчин Ч.Эрдэнэбат, Чандмань-Уул багийн малчин Ц.Очирхуяг, Хүрхрээ багийн малчин Д.Дашдорж, Бигэр сумын Хүрэмт багийн малчин Ө.Баатарчулуун, Их булаг багийн малчин Н.Амгаланбаатар аймгийн аварга малчнаар тодорсон байна. Мөн дээрх сумдаас Чандмань хүрхрээ багийн хадланч Х.Төмөрбаатар аймгийн аварга хадланч, Бигэр сумын 5-р багийн малчин И.Тэгшсүрэн аймгийн аварга саальчны болзол хангасан байна.

            Дээрх малчид жил дараалан мал сүргээ өсгөж үржүүлэн, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч иржээ. Мөн хадлан, тэжээл, хужир, шүүгээ өөрсдөө бэлтгэхээс гадна амьдралын баталгаажих түвшинээс доогуур орлоготой, малгүй олон өрхийг малжуулж, залуу малчдыг амьдрах ухаанд сургаж цөөнгүй шавьтай болсон байна.  Малчид  орон нутгийнхаа хөгжил, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бусдыгаа манлайлан оролцож хандив, туслалцаа үзүүлжээ. 

           Энэ жил аймгийн хэмжээнд 85 малчин аймгийн аварга малчин, 2 саальчин аймгийн аварга саальчин 3 тариаланч аймгийн аварга тариаланч, 2 хадланч аймгийн аварга хадланчаар шалгаруулсан байна.

 

НИЙТЭЛСЭН: 2018-02-08 09:58:31