ЛАМЫН ГЭГЭЭНИЙ V ДҮРИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨГ БҮТЭЭЛЭЭ.

           Монголын бурханы шашны 3 зулын нэг Ламын гэгээний тавдугаар дүрийн хувилгаан Лувсанпэрэнлэйтогмид  1862 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ” Үнээн-Ус” хэмээх газар мэндэлжээ.Тэрээр 5 настайдаа тодорч одоогийн Баянхонгор аймгийн Ламын гэгээний хүрээнд залагдаж бурханы шашины эрдэм номд шамдан суралцах болжээ.

             Гэгээний лагшин мэндэлсэн Дэлгэр сумын ” Үнээн-Ус “ гэдэг сайхан  газарт Ламын гэгээний боржин чулуун хөшөөг 23 сая  төгрөгийн зардлаар ах дүү ураг төрөл нь бүтээж Гэгээнтэний дурсгалд зориулсан боржин чулуун суваргыг УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд хувиасаа 5 сая төгрөгөөр бүтээлгэж төрсөн газарт нь залж нутгийн ард түмэнд алдаршуулан үлдээх буянтай үйлсийг санаачлан зохион байгууллаа.

Ламын Гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт Энэтхэг улсаас эх орондоо  ирэхдээ Ламын гэгээний мэндэлсэн газарт  босгосон хөшөө дурсгалын нээлтэнд зорьж ирж морилон саатаж буян ном айлдсан байна. Түүнтэй хамт Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр болон  хийдийн хамба лам, Энэтхэг улсаас  лам нар хүрэлцэн ирлээ.

            Мөн нээлтийн үеэр  санаачлан зохион байгуулсан хүмүүсийг  Говь-Алтай аймгийн   Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж  хурмаст     хур бороо хайрлаж    тэнгэрт солонго татсан сайхан мөч байлаа.

       Чулуун соёлын өв  болох хөшөө дурсгал нь хүн төрөлхтний хөгжлийн түүхийн тодорхой цаг үеийн гэрч болон үлдэж, хүмүүсийн нийгмийн байдал, оюуны соёлын түвшин, зан заншил, шашин шүтлэг болон ахуй амьдралын улирч мартагдсан түүхийг нэхэн сэргээж ойлгох гол эх сурвалж болдог түүхийн  үнэ цэнэтэй дурсгал  болохын хувьд   энэхүү хөшөө дурсгалыг   аймгийн  БСУГ,  Дэлгэр сумын ЗДТГ, Соёлын төв  бүртгэж  хамгаалалтад авлаа.  

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-14 11:25:34