ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн албаны Ерөнхий шалгалт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагт орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

   Говь-Алтай аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 224 хүн  оролцохоор бүртгүүлж, 6 ээлж тус бүрт 38 оролцогч хамрагдахаар зохион байгуулж, Ерөнхий мэдлэгийн шалгалтад 200 иргэн орсон бөгөөд шалгалт зохион байгуулах танхимыг камержуулж, шалгалтын үйл явцыг сонирхсон иргэд харах ил тод нээлттэй байх боломжийг бүрдүүллээ.

  Энэ үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шийдвэрлэх газрын дарга Э.Эрдэнэхишиг, тус газрын мэргэжилтэн н.Жавзандулам нар тус аймагт томилогдон салбар комисстой хамтран ажиллаж, шалгалтын үйл явцад хяналт тавин, заавар зөвлөгөө өгч ажиллав.

  Ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн иргэд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт Монгол хэл бичгийн чадварын шалгалтад орох бөгөөд уг шалгалтад тэнцсэн иргэд 11 дүгээр сарын 21-ний Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад орох юм.

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-18 10:11:44