АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АХМАДУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

     Аймгийн Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлаар “Ахмадын хөгжлийн төв”-ийн долоо хоногийн ажлын хуваарийг баталж, Пүрэв гараг бүр ахмадуудыг соён гэгээрүүлэх, мэдээ мэдээлэл солилцох “Хэлэлцүүлгийн цаг”-ийг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

      Энэ долоо хоногийн “Хэлэлцүүлгийн цаг”-аар аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж ахмадуудтайгаа уулзаж санал бодлыг нь сонсож, аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, цаг үеийн ажил, ахмадууд руу чиглэн хийгдэж буй ажил, үйлчилгээ болон цаашид анхаарах асуудлаар уулзалт ярилцлага хийлээ. Энэхүү уулзалтад 150 гаруй ахмад настан хамрагдаж тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ уламжилсан юм. Ахмадуудын зүгээс:

-Ахмадуудыг орон сууцны хөтөлбөрт хамруулах:

-Улсад олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан ахмадуудыг шагнаж урамшуулах, шагналд тодорхойлох:

- Түлээ нүүрсний үнийг бууруулах, ахмадуудад хөнгөлөлттэй үнээр олгох

-Тог цахилгааны доголдол болон үнэ тарифт хяналт тавих мэдээллээр хангах:

-Сүү, цагаан идээ, махны үнийг бууруулж, ганц бие, асран хамгаалах хүнгүй ахмадуудад үнэгүй олгох зэрэг асуудлыг хөндсөн бол аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж ахмадуудын сонирхсон асуултуудад хариулт өгч, тодорхой асуудлуудыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

Мөн аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж  аймгийн Ахмадын хорооны дарга Б.Ганзоригт дараах үүрэг, даалгаврыг өглөө. Үүнд:

-Дараа долоо хоногийн Пүрэв гарагын “Хэлэлцүүлгийн цаг”-т Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Ш.Дагва, “Алтай Улиастайн Эрчим Хүчний Систем ТӨХК-ийн дарга А.Пүрэвсүрэн нарыг урьж, ахмадуудад мэдээлэл хийлгэх.

-Улсад олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан ахмадуудын шагналын тодорхойлолтыг шүүж, шинэчилж ирүүлэх:

-Орон сууцны хөтөлбөрт болон нүүрсний хөнгөлөлтөнд хамрагдах ахмадуудын судалгааг эрэмбэлж гаргах үүрэг даалгаврыг  тус, тус өглөө

Түүнчлэн 2020 оны Улсын төсөвт “Ахмадын сувилал”, “ахмадын өргөө” барихад нэг  тэрбум хоёр зуун сая төгрөгийг батлуулсан бол  сумдын Ахмадын хорооны дарга нарт сар бүр 100.000 мянган төгрөг, Ахмадын хорооны үйл ажиллагааны зардалд жилд 1.000.000 төгрөгийг олгохоор шийдвэрлээд байгаагаа ахмадуудад танилцууллаа.

Ахмадууд аймаг орон нутгаас ахмадуудын талаар авч хэрэгжүүлж байгаа ажилд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2019-12-14 16:34:16