СУТАЙ ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    Монгол Алтайн нурууны 13 мөнх цаст оргилын нэг Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслолын арга хэмжээ 8-р сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тахилгад Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөрийн биеэр хүрэлцэн ирж, Монгол төрийн ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараах орон нутгийн анхны айлчлал, төрийн тахилгаа Говь-Алтай аймгаас эхлүүлсэн юм.

    Тахилгын эхний өдөр буюу 6-ны өдрийн орой уул овоог тахиж, тайх эртний ёслолын дагуу долоон бурхан одны тахилга, алтайн 13 овооны тахилга,  тууль хайлах зан үйлийг үйлдэж, 8-р сарын 7-ны өглөө  2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол “ганжуур” их хөлгөн судар, найман тахилыг тусгайлан залж, монголын бурхан шашинтны төв гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж д.чойжамц,  эртний энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй наро банчэн гэгээний vii дүрийн хувилгаан данзанлхүндүв, говь-алтай аймгийн дашпэлжээлэн хийдийн хамба лам б.ууганбаяр тэргүүтэй лам хуврагууд жавдандаа суун ламчодов, жигжид, очирваань, юлтий зэрэг ном хурснаар эхэлсэн юм.

    Ном хурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлэн тусгайлан зассан талбайгаас цугласан зон олонд хандан үг хэлж, Тэнгэр газар, байгаль эхээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалах, өгөөж хишгийг нь зүй ёсоор зөв хүртэхийн эх болсон өнө эртний сүсэг бишрэл, уул овоог тахих уламжлалт зан үйлийг тасралтгүй уламжлан хадгалж, үлдээх ёстойг онцоллоо.  Ингээд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Сутай хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгөв.

    Эрт үед овооны наадам нь гурван өдөр болдог байсан бөгөөд  уул, овооны тахилгын урьд орой нь жороо морьдын уралдаан явагдаж, эхний өдрийн наадмыг овооны баруун талд хийж, их насны морьдыг баруун хойноос уралдуулж, хоёр дахь өдөр нь асар майханаа овооны зүүн талд шилжүүлж азарга, соёолон хоёрыг хамтад нь, гурав дахь өдөр нь хязаалан насны морьдыг зүүн урд талаасаа уралдуулдаг байсан байна. Үүнээс улбаалан уул овоог тахихдаа наадам хийж, газар дэлхий хүн ардаа баясгах уламжлал тогтжээ. Энэ ч утгаараа 8-р сарын 8-ны өдөр Сутай хайрханы тахилгын бэсрэг наадам зохион байгуулагдаж, улс аймгийн алдар цолтой хүчит 64 бөх эр бяраа сорьж, 6 насны шандаст хүлгүүд хурд хүчээ үзэн, эрхий мэргэн харваачид цэц мэргээ сорьлоо.

    Бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж Тонхил сумын харьяат Монгол Улсын начин Б.Суманчулуун үзүүрлэж Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Монгол Улсын начин Б.Бат-эрдэнэ, Шарга сумын харьяат Аймгийн арслан Э.Даваажаргал нар шөвгөрлөө.

   Сур харвааны эрэгтэй төрөлд Аймгийн гарамгай харваач Д.Давааням түрүүлж, Сумын мэргэн Д.Алтайбаатар хоёрдугаар байр, Сумын мэргэн Ю.Түмэнжаргал гуравдугаар байр, Сумын гарамгай харваач н.Жаргалсайхан дөрөвдүгээр байр, Сумын мэргэн Б.Банзрагч тавдугаар байр эзэлсэн бол, эмэгтэй төрөлд II зэргийн харваач н.Жавзмаа нэгдүгээр байр, Сумын гоц харваач н.Оргилмаа хоёрдугаар байр, Залуу харваач н.Хишигээ гуравдугаар байр,  Залуу харваач н.Ууганбаяр дөрөвдүгээр байр, Сумын мэргэн Ш.Буянхишиг тавдугаар байрыг тус тус эзэлжээ.

    Их насны морьдын уралдаанд Дарив сумын уяач Алтангэрэлийн алаг морь түрүүлж, Тонхил сумын С.Дашнямын хар морь аман хүзүүдэж, Жаргалан сумын уяач Болдбаярын хээр морь айргийн гуравт, Дарви сумын уяач Алагсандрын халтар морь айргийн дөрөвт, Дарив сумын уяач  Б.Чойдогийн хүрэн морь айргийн тавд хурдаллаа.

      Азарганы уралдаанд Хөхморьт сумын уяач Тайванбаатарын халтар морь түрүүлж, Баян-Уул сумын уяач Дамдинбазарын хонгор морь аман хүзүүдэж, Дэлгэр сумын уяач А.Дэлгэржаргалын  саарал морь айргийн гуравт, Дэлгэр сумын уяач А.Дэлгэржаргалын хар морь айргийн дөрөвт, Тонхил сумын уяач Б.Сансарбаатарын халзан морь айргийн тавд хурдаллаа.

      Соёолон насны морьдын уралдаанд Тайшир сумын уяач П.Ойдовын хул морь түрүүлж, Хөхморьт сумын уяач Билгүүний халтар морь аман хүзүүдэж, Тонхил сумын уяач, С.Нямдаваагийн буурал морь айргийн гуравт, Дарив сумын уяач Т.Хишигбаярын сартай хүрэн морь айргийн дөрөвт, Дэлгэр сумын уяач А.Дэлгэржаргалын хул морь айргийн тавд хурдаллаа.

       Хязаалан насны морьдын уралдаанд Дэлгэр сумын уяач  Баатардашийн хонгор морь түрүүлж, Тайшир сумын уяач П.Ойдовын бор морь аман хүзүүдэж, Дарив сумын О.Гансүхийн алаг морь айргийн гуравт, Дарив сумын уяач Б.Баасандашийн хээр буурал морь айргийн дөрөвт, Тайшир сумын уяач Б.Алтанхуягийн ягаан морь айргийн тавд хурдаллаа.

      Шүдлэн насны морьдын уралдаанд Тайшир сумын уяач П.Ойдов халзан морь түрүүлж, Тайшир сумын уяач Б.Лхагвагийн бор аман хүзүүдэж, Дэлгэр сумын уяач Б.Баасандашийн хүрэн халзан морь айргийн гуравт, Дэлгэр сумын уяач Д.Чагнаадоржийн ембүү халзан айргийн дөрөвт, Тайшир сумын Б.Нямдоржийн сартай халзан айргийн тавд хурдаллаа.

        Дааган насны морьдын уралдаанд Тонхил сум Б.Ванчингийн хээр морь түрүүлж, Есөнбулаг сумын Б.Алтанхуягийн хар бор морь аман хүзүүдэж, Хөхморьт сумын уяач  Б.Энхбаатарын хээр морь айргийн гуравт, Тонхил сумын уяач Д.Нацагдоржийн хүрэн морь айргийн дөрөвт, Тонхил сумын уяач  Л.Отгонбаярын хар  морь айргийн тавд тус тус хурдлан торгон жолоогоо өргөсөн юм.

 

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2021-08-20 16:34:08