PEOPLE IN NEED/ПИПЛ ИН НИЙД ОУТББ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАА

 

     Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй Монгол гэрийн халаалт, дулаалгын ЧИП/CHIP багцыг зохион бүтээж, 2019 оны өвлөөс эхлэн Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн төв, нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нийт 492 өрхөд нэвтрүүлээд байна. ЧИП багц нь өрх бүрт дулаан, тав тухай орчныг бүрдүүлж, хүүхэд бүрт эрүүл, боловсон, хог, тоосжилт, тортог багатай, тав тухай орчинд өсч, хөгжих боломжийг олгож байна

     Тус төсөл нь Говь-Алтай аймагт 2020 оны 8 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар Удирдлагын баг, Хэрэгжүүлэгч баг, Чанарын хяналтын баг байгуулагдан, Удирдлагын баг нь төслийн менежментийг, Хэрэгжүүлэгч баг нь хэрэгжилтийг, Чанарын хяналтын баг нь бүтээгдэхүүний чанар, стандартад хяналт тавьж ажиллаж байгаа билээ.  

     2020 оны 8-р 19-ны өдөр “Говь-Алтай аймагт Монгол гэрийн халаалт, дулаалга агаар сэлгэлтийн багц буюу Чип төсөл”-ийн хэрэгжүүлэгч ПИПЛ ИН НИЙД ОУТББ-ын төлөөлөгч Чип төслийн менежер Г.Лхагвасүрэн, Мэдээлэл харилцаа хамтын ажиллагаа хариуцсэн менежер М.Номин, Төслийн менежер Д.Түвшинтөгс, ШУТИС-ын багш, Барилга эрчим хүчний төвийн захирал б.Мөнхбаяр, Тогтвортой санхүүжилтийн холбооны зохицуулагч Б.Билэгсайхан нар хүрэлцэн ирж, Говь-Алтай аймгийн засаг даргын тушаалаар томилогдсон гурван багийн ажлын явцтай танилцан зөвлөгөө өгч, санал бодлоо солилцлоо. 

    Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн Ногоон хөгжлийн бодлогод Орчны бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй хэмнэлттэй, дэвшилтэт технологи буюу төв суурин газрын гэр хорооллын айл өрхүүдэд “Эрчим хүчний хэмнэлттэй Монгол гэрийн дулаалга” шийдлийг нэвтрүүлэхээр тусгаж жилд 100 өрхийг хамруулахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн 85-н  өрх буюу Есөнбулаг суманд 58 өрх, Цогт суманд 10 өрх, Халиун суманд 10 өрх, Цээл суманд 7 өрх тус тус хамрагдаж, үр дүнгээ хуваалцаад байна. Цаашид дахин 64 өрх буюу Есөнбулаг суманд 45 өрх Цогт суманд 7 өрх Халиун суманд 7 өрх, Цээл сумд 5 өрхийг нэмэлтээр хамруулахаар төлөвлөж байгаа юм.  

    Есөнбулаг сумын төсөлд хамрагдсан иргэдийн сайн туршлага дээр үндэслэн хөдөөгийн сумдын иргэд ч мөн Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцад хамрагдахаар хүсэлтээ илгээж 03 дугаар сард Цогт, Цээл, Халиун сумын 27 өрхөд НҮБ-ын Хүүхдийн сангаас 70 хувийн дэмжлэгээр багцыг олгосон. Цаашид Цогт, Цээл, Халиун сум өөрийн орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн нийт 26.6 сая төгрөгийн санхүүжилтээр 19 өрхөд ЧИП багц авах 70 хувийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.

    Мөн Есөнбулаг сум орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөгийн санхүүжилтээр 16 өрхөд, НҮБ-ын Хүүхдийн сангаас 38.4 сая төгрөгийн санхүүжилтээр 29 өрх буюу нийт 45 өрхөд багцын 60 хувийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байна.

    Тус төсөлд хамрагдсан иргэдэд агаарын бохирдлын хор нөлөө, өрхийн санхүүгээ хэрхэн удирдах, цахилгааны хэмнэлт хийх талаар сургалтыг явуулж, төсөл хэрэгжүүлснээс хойш нийт 400 орчим насанд хүрэгч, 60 орчим хүүхдийг сургалтандаа хамруулж, тэдгээрээс өрхийн эзэгтэй 15 эмэгтэйг хувь хүний хөгжлийн сургалтад давхар хамруулахаас гадна орон нутгийн үйлдвэрлэгчдийг чадавхжуулах, байгаль орчинд ээлтэй, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд сургалтуудыг хийж 2020 онд Есөнбулаг сумд 2 аж ахуйн нэгж Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцыг нийлүүлсэн бол 2021 онд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 5 болжээ.

 

    Орон нутгийн оёдолчдод Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцаар дамжуулан агаарын бохирдлын сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмэр оруулах,  дулаалгын багц оёход сургах,  цаашлаад ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ онд Нийтийн аж ахуй үүсч хөгжсөний 90 жилийн ойн болж байгаатай холбогдуулан Говь-Алтай аймгийн Үйлдвэр үйлчилгээний холбоо, Үйлдвэрлэлийн хоршооллын холбоо, Оёдолчдын  холбоотой хамтран “Цэвэр агаар, эрүүл ирээдүйг урлаачид” нэртэйгээр уралдаан 07 дугаар сард зохион байгуулж Монгол Улсын Мастер цолтой 9 оёдолчноор удирдуулсан нийт 60 оёдолчин оролцож, арга хэмжээны хүрээнд оёгдсон дулаалгын 9 багцыг Нийтийн аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон бага насны олон хүүхэдтэй залуу ажилтан зэрэг 8 өрхөд багцыг хүлээлгэн өгсөн бөгөөд халаалт, агаар сэлгэлтийн багцыг тус өрхүүд өөрсдийн хөрөнгөөр худалдан авсан юм.

    Энэхүү төслийн хүрээнд, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дэргэд Төслийн мэдээлэл сурталчилгааны төвийг байгуулан, “Цэвэр агаар, эрүүл ирээдүйг урлаачид” арга хэмжээний үед оёгдсон дулаалгын багцаар дулаалж, тохижуулсан Монгол гэрийг барьж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр болжээ.

          

     Ийнхүү төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын тайлан болон, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Агаарын бохирдол ба байгаль орчны хөтөлбөр”-ийн хүрээнд “Цэвэр агаар” үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр 4 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсны үр дүнд  42 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг 05 дугаар сарын 31-нд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулснаа өнөөдөр төлөөлөгчдөд танилцуулсан юм.

      ПИПЛ иН НИЙД ОУТББ-ын төлөөлөгчид төслийн хүрээнд Говь-Алтай аймагт хэрэгжиж байгаа ажлууд болон Аймаг орон нутгийн удирдлагууд, аж ахуй нэгж, иргэдийн оролцоо сайн байгааг сайшаан дүгнээд, төсөл хэрэгжсэн өрхийн хүүхдүүд болон түүхий нүүрсээр гэрээ халааж буй айл өрхийн хүүхдүүдийн дунд явуулсан эрүүл мэндийн судалгааны үр дүнтэй танилцан, цаашид хийгдэх  судалгааны ажлуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд 11 сараас төсөл хэрэгжиж буй айл өрхүүдийн тоосонцорыг хэмжих багажын тусламжийг үзүүлэн ашиглах зааварчилгааг өгөх боломжтой бөгөөд ингэснээр илүү дэлгэрэнгүй, бодит үр дүн гарна хэмээн хэллээ.  

      Цаашид Говь-Алтай аймгийн айл өрхүүдэд Чип багцыг “Ногоон зээл”-ээр өгөх боломжийг судлаж байгаа бөгөөд Баянхонгор аймаг өнгөрсөн жил Чип багцыг 4 банк, нэг банк бусаар дамжуулан 8 хувийн хүүтэй зээлээр олгосон бол энэ жил 3 банкаар дамжуулан олгохоор болсон байна. Говь-Алтай аймгийн тухайд үйл ажиллагаа явуулж буй банкууд одоогоор тодорхой хариу өгөөгүй байна.

      Монгол гэрийн НЭМЭЛТ ДУЛААЛГА, ЦАХИЛГААН ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТ иж бүрдэл нь

  1. Уур нэвтрүүлдэггүй уур тусгаарлах дотуур цагаан бүрээс
  2. Ус тусгаарлах амьсгалдаг бүрээс
  3. Хатавчны (тотгоны) дулаалга
  4. Хаалганы дулаалга
  5. Хормойтой хаяавч
  6. Хормойтой шалавч
  7. Дулаалгатай өрх
  8. Агаар оруулах нээлхий
  9. Агаар сорох сэнстэй хоолой
  10. Халаагуур бүхий халаалтын шүүгээ
  11. Цахилгааны тоноглолуудаас бүрдэж байгаа юм.

 

НИЙТЭЛСЭН: 2021-08-23 15:26:56