"Энэ жил ЕБС-ийн сурагчдаас улсын болон анги дэвших ШАЛГАЛТ АВАХГҮЙ"

БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй гэдгийг хэллээ.  Ингэхдээ сурагчдыг зөвхөн явцын дүнгээр дүгнэх гэнэ.

Тэрээр энэ талаар "Бид Боловсролын үнэлгээний төвтэй ярилцаж уг шийдвэрийг гаргалаа.  ЕБС-ийн 5, 9, 12-р ангийн хүүхдүүдээс улсын шалгалт авахгүй. Хүүхдүүд хоцрогдсон хичээлүүдээ нөхөх, хичээлийн жилд үзэх ёстой судлагдахуунуудаа жигд сайн суралцаж төгсөх шаардлагатай байна.

Математик, Монгол хэл, Гадаад хэл гэх мэт улсын шалгалтад авдаг хичээлүүддээ л анхаарч бусдыг анхаарахгүй орхигдуулах сул талтай байгаа учир энэхүү шийдвэрийг гаргалаа. Анги дэвших шалгалтыг цаашдаа ч авах шаардлагагүй юм байна гэж бид үзэж байна. Дэлхийн бусад улс орнуудад энэ төрлийн шалгалтыг авдаггүй. Хүүхдүүд улирлын шалгалтыг тухай бүрт нь өгч байгаа учир хичээлийн жилийн төгсгөлд нэгтгэж тооцон анги дэвшээд явах боломжтой.

Дөрөв, тавдугаар сард 2019-2020 оны бүх хичээлийн хоцрогдлыг арилгаж жигд мэдлэгтэй төгсгөх тал дээр анхаар ажиллана. Харин ЭЕШ зурагдугаар сарын 8-11-нд улс орон даяар явагдана. Өнгөрсөн жилүүдэд сонгож үзэх болон заавал үзэх судлагдахуун гэсэн 3-4 хичээл байсан бол энэ жил зөвхөн заавал үзэх судлагдахуунаар авах болно. Сурагчид багш нартайгаа уулзан шалгалтад бэлдэх боломж хомс байгаа учир ийнхүү шийдвэрлэсэн. Өмнөх жил босго оноо 400 байсан нь энэ жил ч хэвээр байх болно.

Гэхдээ шалгуулагч наана нь монгол хэлний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд заавал өгнө. Хэрэв шалгуулагч уг шалгалтад амжилтгүй орвол, оролцож чадаагүй хүүхэд тавдугаар сарын 16-нд өгнө. Энэхүү хоёр шалгалтыг шалгуулагч заавал өгөх ёстой. Монгол хэлний босго оноо 400-г давж байж ЭЕШ өгөх боломжтой болно. Өнгөрсөн жил 18 мянган шалгуулагчид хамрагдсан ЭЕШ-ыг нэг цаг хугацаанд цахимаар явуулсан нь элдэв хэл ам дагуулалгүй маш амжилттай болсон гэж үзэж байна. Энэ жил 28 мянга орчим хүүхэд шалгалт өгнө. Хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байвал харин шалгалтын энэ байдлыг үргэлжлүүлэх боломжгүй. Гэхдээ бид энэ сарын 30-нд хорио цээрийн хугацаа дуусч хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдах байх хэмээн найдаж байна. Эс тэгвэл багагүй хүндрэлүүд гарах гээд байна"  гэсэн юм.

Хичээл орж эхлээд сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэх болон теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдахыг онцоллоо. 

НИЙТЭЛСЭН: 2020-03-05 17:19:33