АЙМГИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ДЭД ХӨТӨЛБӨР

Төсөл

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

 

Авлигын эсрэг дэд хөтөлбөр

батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Улсын Их хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 4.1.7.4 –т заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:  

1.Аймгийн “Авлигын эсрэг дэд хөтөлбөр” –ийг 1 дүгээр хавсралт,  тус дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт, “Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн гишүүн”-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Авлигын эсрэг дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан  шаардлагатай хөрөнгийг орон нутгийн төсөвт жил бүр тусгаж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Гансэлэм/-д даалгасугай.

 

 

 

 

ДАРГА                           Т.ГАНЗОРИГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

тэргүүлэгчдийн 2017 оны ......дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт

 

АЙМГИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ДЭД ХӨТӨЛБӨР

                                  Нэг.Авлигын эсрэг дэд хөтөлбөрийн нийтлэг үндэслэл

 Авлига нь улс орнуудын нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжилд саад тотгор учруулж, ардчилал, шинэчлэлийн явцыг сааруулах хүчин зүйл болдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, авлигатай тэмцэх санаачилга гарган тодорхой ажлуудыг хийж байна.

Олон улсын авлигын ил тод байдлын ойлголтын талаарх 2013 онд хийгдсэн судалгаагаар Монгол Улсын иргэн авлигыг нийгэмд буй хамгийн ноцтой асуудлаар тооцсон хэвээр байхад судалгаанд оролцогчдын 86,0 хувь нь төрийн байгууллагад бугшсан авлигыг "сэтгэл эмзэглүүлсэн асуудал" хэмээн тооцож, 77,0  хувь нь төрийн албан хаагчид, төрийн албаны ажилтнуудыг авлигад автсан буюу хэт автсан хэмээн тодорхойлжээ.

 

Авлигаас ангид байх, төрийн үйлчилгээний шударга, ил тод, шуурхай, хүнд суртал чирэгдэлгүй түргэн шуурхай болгох, олон нийтийн оролцоог хангах, тэднийг идэвхижүүлэх, дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд  тэдний оролцоог хангах тус ажил нь нийгмийн цогц үйл ажиллагаа юм.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөр,  “Говь-Алтай аймгийн хөгжлийн форум-2017”-аас дэвшүүлсэн  төрийн албыг хүнд сурталгүй болгох,  ил  тод нээлттэй хариуцлагатай аймгийг бий болгох зорилтыг үндэслэн энэхүү авлигын эсрэг дэд хөтөлбөрийг боловсруулав.  

1.1. Өнөөгийн байдал дэд хөтөлбөр боловсруулах үндэслэл хэрэгцээ шаардлага

2016 оны жилийн эцсийн статистик  мэдээгээр аймгийн хэмжээнд 16254 өрхийн 56694 хүн ам байнга оршин сууж байна.

Хүний Нөөцийн Удирдлагын Мэдээллийн Системийн программд 2016 оны урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 168 төрийн  байгууллагад  4309 төрийн албан хаагч ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтын дагуу “авлигын хэлбэр , цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7 дахь заалтын дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг.

Уг чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагын Шударга байдлын үнэлгээг 2015 онд 62 төрийн байгууллага /яам, засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар/-ыг хамруулан гаргасан.

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь Шударга байдлын үнэлгээгээр 2015 онд 76,3 оноо авч үнэлгээнд хамрагдсан төрийн байгууллагуудаас 23, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газруудаас 6 дугаарт жагссан байна.

Шударга байдлын үнэлгээний дэд үзүүлэлтээр авч үзвэл төрийн байгууллагуудаас гадаад шударга байдлын үнэлгээгээр 7, Дотоод шударга байдлын үнэлгээгээр 33, бодлогод оролцогчдын үнэлгээгээр 40 дүгээр байрт тус тус эрэмблэгдсэн байна.

 

Шударга байдлын үнэлгээний дэд үзүүлэлт

Дэд үзүүлэлт

оноо

ЗДТГ-ын эрэмбэ

Төрийн байгууллагын эрэмбэ

Гадаад шударга байдлын үнэлгээ

77,7

4/22

7/61

Дотоод шударга байдлын үнэлгээ

82,5

9/22

33/62

Бодлогод оролцогчдын үнэлгээ

68,6

12/22

40/62

 

     Бодлогод оролцогчдын үнэлгээний үзүүлэлтээр авлигыг хянах мехнаизм 56,8, удирдлагын хүсэл эрэмзлэл 52,1 оноотой байгаа нь авлигыг хянах, авлигатай тэмцэх удирдлагын хүсэл эрэмзлэл зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Цаашид төрийн үйлчилгээг хэрхэн хүргэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, захиргааны байгууллагаас шийдвэр гаргах үйл явцад иргэдийн санал хүсэлтийг  хэрхэн авах, бодлого шийдвэрт тусгах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, ажлыг сайжруулах, авлигаас ангид байх, үйлчилгээг шуурхай болгох, хүнд суртлыг арилгах, төрийн албыг шинэчлэхэд олон нийтийн оролцоог хангах талаар тодорхой нэгдсэн бодлоготой ажиллах нь зүйтэй байна.

   

Хоёр. Хөтөлбөрийн зарчим, зорилго, зорилтууд

2.1.“Авлигын эсрэг дэд хөтөлбөр”-т тусгагдсан арга хэмжээнүүд дараах зарчимд тулгуурлана.

2.1.1.Хууль дээдлэх зарчим: Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг дээдэлж, түүнийг хэлбэрэлтгүй сахин биелүүлдэг байх.

2.1.2.Хариуцлагатай байх зарчим: Сонгогдсон томилогдсон эсэхээс үл хамааран албан тушаалтан хариуцлага хүлээдэг байх.

2.1.3.Ил тод нээлттэй байх зарчим: Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод , нээлттэй байх, иргэн, хуулийн этгээд хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх.

2.1.4.Нийтийн ашиг сонирхлыг дээдлэх зарчим:Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг бусад ашиг сонирхлоос илүүд үзэн, албан тушаалаа өөрийн болон хамаарал бүхий этгээдийн ашиг олох хэрэгсэл болгохгүй байх.

2.1.5.Хамтын ажиллагаа уялдаа холбоотой байх зарчим: Авлигын эсрэг үйл ажиллагаанд оролцогч байгууллага хамтран ажиллаж хүрэх зорилт,  хэрэгжүүлэх арга хэмжээг  нэгтгэн  тодорхойлж, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх.

2.1.6.Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийн зарчим: Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт , иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг харилцан хүлээн зөвшөөрөх.

2.2.Хөтөлбөрийн зорилго, зорилтууд:

Нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан, иргэд олон нийтийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хандлага, үзэл санааг төлөвшүүлэх, ил тод нээлттэй, бүтээмжтэй, хариуцлагатай хүнд сурталгүй, иргэд олон нийт, иргэний нийгмийн оролцоог хангасан аймаг болж, орон нутгаа хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Энэхүү хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн  тулд дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд:

1.Шударга, хариуцлагатай, ил тод, хүнд сурталгүй, нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх.

1.1.Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх.

1.2.Байгууллагын хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсаараа болон мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олон нийтийг танилцах боломжоор хангах. /сул орон тооны зар, тухайн орон тоонд ямар шалгуур хангасан хүн ажиллах боломжтой, ямар хүмүүс өрсөлдөөд хэн нь шалгарсан , хэн шалгарч чадаагүй гэх мэт бүх мэдээлэл/

1.3.Нутгийн захиргааны байгууллага бүр жилийн эрх зүйн ажлын төлөвлөгөө болон байгууллагын төлөвлөгөөнд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг салбарын чиглэлтэй уялдуулан төлөвлөж, үе шаттайгаар зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх.

1.4.Төрийн бус байгууллага болон нутгийн захиргааны байгууллагаас санаачилсан авлигын эсрэг, ил тод байдал, хүнд сурталгүй байх уриалга,  түншлэлд аймаг, орон нутгийн захиргааны байгууллагууд нэгдэх хамтран ажиллах.

2.Төрийн үйлчилгээний нээлттэй, хүнд сурталгүй байдлыг хангаж хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх.

2.1. Байгууллагуудаас үзүүлдэг төрийн үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс нэг дороос үзүүлэх нөхцөл боломжийг өргөжүүлэх,үйлчилгээний хурд, чанар хүртээмжийг сайжруулах.

2.2.Иргэд захиргааны байгууллагын албан тушаалтантай заавал уулзахгүйгээр үйлчилгээ авахад бүрдүүлэх материалын шаардлагыг хангуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор байгууллага бүр мэдээллийн хуудсыг боловсруулж  цахим хуудсандаа байршуулах, хэвлэж тараах,

2.3.Авлига, ашиг сонирхол ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлж, өргөдөл гомдлын тоо, агуулга, давтамж, шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийж, олон нийтэд тайлагнах, байгууллага бүр өөрийн вэб сайтад тавих.

2.4.Төрийн үйлчилгээний шударга, ил тод, нээлттэй байдлын талаарх судалгааг тотмол хийж, үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах.

2.5.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх, албан хаагчийн үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, үйлчилгээг сайжруулах.

2.6.Нутгийн захиргааны байгууллага бүр шийдвэр, үйл ажиллагаагаа олон нийтэд мэдээлэх, мэдээлэлтэй холбоотойгоор санал сэтгэгдэл илэрхийлэх боломж бүрдүүлэх, байгууллага албан тушаалтнуудаас хариу өгч хэвших байдлаар эргэх холбоо бүхий тогтолцоог бүрдүүлэх.

2.7.Төрийн  байгууллагуудын цахим хуудасны ашиглалтыг сайжруулах, заавал байх мэдээллийн агуулгыг тодорхойлж, мэдээллээ тогтмол шинэчлэх, хайлт хийхэд хялбар болгох, зэргээр байгууллагууд цахим хуудсаа идэвхтэй ажиллуулах, цахим хуудсыг  нь хянадаг, үнэлдэг тогтолцоог бий болгох.

2.8.Төрийн албан хаагчдын ажилд хандах хандлага, харилцааны соёл, хариуцлагыг дээшлүүлж, хүнд сурталгүй, ил тод нээлттэй үйлчилгээг бий болгох талаар холбогдох арга хэмжээ авах.    

2.9.   Чиг үүргийн дагуу олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, чирэгдэлгүй, шуурхай болгох,  нээлттэй байлгах, олон нийтэд танилцах боломжоор хангах    

2.10.Орон нутгийн газар зохион байгуулалт, газар олголт, иргэдэд өмчлүүлэх болон эзэмшүүлэх боломжтой газрын талаар улирал тутам мэдээлж байх, газар эзэмшлийн талаарх мэдээллийг ил тод болгох.

3.Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх.

3.1.Төсвийн төсөл хэлэлцэхэд олон нийтийн оролцоог хангах.

3.2.Аймаг орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлэх.

3.3.Төсвийн төлөвлөлтийн үр ашигтай байдал, гүйцэтгэл, зарцуулалтын  хөндлөнгийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх.

2.4.Нутгийн захиргааны байгууллага бүр төсөв, гүйцэтгэл, аудитын тайлан, байгууллагын шалгалт,  үнэлгээ тайланг тогтмол цахим хуудсандаа  тавих, тогтмол шинэчилж байх.

2.5.Хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр хураамж, зохицуулалт үйлчилгээний хөлсний хэмжээний талаарх мэдээллийг ил тод болгох.

2.6.Орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлтийг нээлттэй болгох /Татварын орлого, татварын бус орлого/

2.7.”Орон нутгийн хөгжлийн сан”, ”Сум хөгжүүлэх сан”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”, “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Малжуулах сан”,  “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”–гийн тухайн жилийн төсөв, төсөл шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүн , төсөл шалгаруулах хугацаа, ирсэн төслийн саналууд, шалгарсан төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд,  аж ахуйн нэгжүүдэд нээлттэй болгох.

2.8.Орон нутгийн төсөв, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, зарцуулалтын байдалд дүн шинжилгээ хийж, хариуцлагыг дээшлүүлэх.

2.9.Орон нутгийн удирдлагын зүгээс гаргасан санхүү төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах.

4.Худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх.

4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах

4.2.Хууль тогтоомжийн дагуу нутгийн захиргааны байгууллагуудын худалдан авах ажиллагааг зөвхөн Орон нутгийн өмчийн газар /худалдан авах ажиллагааны албатай/ мэргэшсэн мэргэжлийн байгууллагаар зохион байгуулах үйл ажиллагааг бүрдүүлж, тендерийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх.

4.3.Худалдан авах ажиллагаа дахь нууцлалыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийг хар жагсаалтад оруулах ажиллагааг зохион байгуулж, тус жагсаалтад байгаа хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцох боломжийг хязгаарлах.

4.4.Тендер шалгаруулалт болон түүний талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж, гаргасан шийдвэр дүгнэлтийг олон нийтэд ил тод болгох.

4.5.Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох.

5.Олон нийт, иргэний нийгмийн байгууллагын идэвх санаачилга, оролцоог дэмжих.

5.1.Орон нутгийн захиргааны болон бүх шатны байгууллагаас нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмждэг, аливаа шийдвэрийг гаргахаасаа өмнө олон нийт, сонирхогч нийгмийн бүлгүүдэд  мэдээлдэг, шийдвэр гаргахын өмнө тэдний санаа бодлыг судалдаг, хүлээн авдаг, шийдвэр гаргахдаа оролцуулдаг, гарсан шийдвэрийг нийтэд тогтсон зарчмын дагуу мэдээлдэг байх ардчилсан соёлыг нэвтрүүлнэ.

5.2. Иргэд олон нийтийн зүгээс хэлэлцүүлэг санаачилах, оролцох, асуудал дэвшүүлэхийг дэмжих.

5.3.Орон нутагт тулгамдсан асуудлыг жил бүр иргэд олон нийт,  иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор тодорхойлж, жагсаалтыг гаргаж  түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, тэдний санал санаачилгыг дэмжин холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран  ажиллах, санал хүсэлтийг бодлого боловсруулах, шийдвэр гаргахад  тусгах ажлыг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагууд зохион байгуулах.

5.4.Иргэний нийгмийн байгууллагуудаар хийлгэх сургалт, судалгаа, сурталчилгаа, хяналт, үнэлгээний ажлын жагсаалт гаргаж шаардагдах хөрөнгийг төсөвт суулгах.

5.5.Иргэд, аж ахуйн нэгжийг өөрсдийн нь санаачилгаар  олон нийтийн ажилд татан оролцуулах, идэвхжүүлэх, энэ чиглэлийн  сургалт сурталчилгааг оновчтой хийх.

Гурав.Хөтөлбөрийн хугацаа, үе шат, хүрэх үр дүн

3.1.“аймгийн Авлигын эсрэг дэд” хөтөлбөрийг 6 жилийн хугацаатай 2 үе шаттай хэрэгжүүлнэ.

3.1.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэх I үе шат /2017-2019 он/

Хүрэх үр дүн:

1.Ажлын байран дахь ашиг сонирхлын зөрчил болон зүй бус нөлөөлөл үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн байна.

2. Авлига, ашиг сонирхлын талаар олон нийтийн мэдлэг,  хандлага дээшлэн шударга ёсны үзэл санаа нийгэмд төлөвшиж, иргэн өөрт учирч  байгаа хүндрэл, бэрхшээлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлдэг байх  нийгмийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдсөн байна;

 

3. Ил тод, шударга, шуурхай,  хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох ажлыг эхлүүлж, иргэдэд ойрхон засаг захиргааны үйлчилгээг үзүүлэх  нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

4. Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ сайжирна;

5. Цахим үйлчилгээний дэд бүтэц бий болж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдсэн байна.

6. Аймгийн хэмжээнд  төрийн байгууллагуудын ил тод байдал хангагдан төрийн үйлчилгээ авлигаас ангид, шуурхай, хүнд сурталгүй болж иргэдийн итгэл нэмэгдэж, сэтгэл ханамж сайжирсан байна.

 

3.1.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх II үе шат /2020-2023 он/

Хүрэх үр дүн:

1. Төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас гаргадаг судалгаагаар авлигын индексийн үзүүлэлт сайжирч, шударга байдлын түвшин дээшилсэн байна.

2.Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, хяналт бэхжсэн байна.

3.Албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүй, сахилга баттай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх, нийтэд мэдээлдэг болсон байна.

4.Захиргааны байгууллагад улс төрийн томилгоог зогсоох, хувийн ашиг сонирхлын нөлөөллийг бууруулах, мэргэшсэн албан хаагчдаар нийтийн албыг бэхжүүлсэн байна.

5.Төр иргэд иргэний нийгмийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагаа сайжран үр дүн хариуцлагад чиглэсэн хандлага тогтоно.

6.Иргэд, хувийн хэвшлийн оролцоонд суурилсан сайн засаглалтай аймаг болсон байна.

дөрөв. Хөтөлбөрийн санхүүжилт

4.1.Хөтөлбөрийн санхүүжилтийг дараах  эх үүсвэрээс  бүрдүүлнэ. Үүнд:

4.1.1.Тухайн  жилд  улсын  болон орон  нутгийн төсөвт  тусгагдсан  зардал

4.1.2.Олон улсын болон бусад байгууллагын төсөл, хөтөлбөрийн дэмжлэг

4.1.3.Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэг

4.1.4. Бусад эх үүсвэр.

4.2.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүр аймгийн төсөвт тусгаж батлуулна.

 

Тав.Хөтөлбөрийн хэрэгжилт, хяналт –шинжилгээ үнэлгээ, түүний зохион байгуулалт

5.1.Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

5.2.Хөтөлбөрт заасан чиг үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

5.3.Аймгийн Засаг даргын дэргэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах биелэлтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх салбаруудын төлөөлөл бүхий орон тооны бус зөвлөлийг аймгийн Засаг даргын захирамжаар томилно.

5.4. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ажлын албанаас  энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлалыг баталсан  журмын дагуу хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг үнэлнэ.

5.5. Зөвлөл нь энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд санал зөвлөмж өгөх, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар зөвлөлийн гишүүдэд  болон авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл, орон нутгийн удирдлагуудыг  тогтмол мэдээллээр хангах, иргэд олон нийтэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шинээр гаргасан санал санаачилгыг хүргэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажиллана.

5.6.Зөвлөлийн чиг үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэх бөгөөд хэрэгжилтийг зохион байгуулах, аймаг, орон нутагт хэрэгжиж буй бусад төсөл хөтөлбөр, хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажилллагааг уялдуулан зохицуулах, олон улсын байгууллагуудтай хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

5.7.Аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ үнэлгээ,  дотоод аудитын хэлтэс орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн төсвөөс санхүүжилт авсан бүх байгууллагын үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд шууд хяналт тавьж, чиг үүргийн дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ,  хариуцлага тооцох санал боловсруулж танилцуулах.

5.8.Аймгийн Авлигын эсрэг дэд хөтөлбөрийн мэдээллийн нэгдсэн цахим сан www.govi-altai.gov.mn аймгийн албан ёсны вэб сайтад цахим сан ажиллана.

Зургаа.Хөтөлбөрийн  хэрэгжилтийг  тайлагнах.

6.1.Хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагууд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор орон тооны бус зөвлөлд, аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

6.2.Зөвлөл тайланг нэгтгэн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан жил бүрийн 2 дугаар сарын 01-ний дотор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжлтийг зохион байгуулах ажлын албанд хүргүүлнэ.

 

 

-----оОо-----

 

 

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-05-08 17:24:55