ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧИН ӨРХИЙГ МАЛЖУУЛАХ ЖУРАМ

                                                                          /Төсөл/

 

ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧИН ӨРХИЙГ МАЛЖУУЛАХ ЖУРАМ

2017 он ... сар ... өдөр.                                                                                            Алтай хот.

Энэхүү журмын зорилго нь орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдарч байгаа цөөн малтай малчин өрхийг малжуулж, амьжиргааны эх үүсвэрийг нь дэмжихэд оршино.

Нэг. Нийтлэг  зарчим.

1. Улсын болон орон нутгийн төсөв, байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр цөөн малтай малчин өрхийг малжуулахад энэхүү журмыг мөрдөнө.

2. Малжуулалтын хөрөнгө нь аймаг, сумын мал хамгаалах сангийн сангийн өмч байна.

Хоёр. Малжуулах ажлын зохион байгуулалт

            2.1. Сумдын Засаг даргаар ахлуулсан малжуулах  ажлыг зохион байгуулах ажлын хэсэг ажиллана. Ажлын хэсэгт багийн Засаг дарга нар, мал аж ахуйн мэргэжилтнүүд, төрийн бус байгууллага, малчдын төлөөлөл орсон байна.

            2.2. Ажлын хэсгийн гүйцэтгэх ажил:

            2.2.1. Энэхүү журмыг малчдад танилцуулж, малжуулалтад хамрагдах хүсэлтэй малчдаас өргөдлийг хүлээн авч багийн Иргэдийн нийтийн хурлааар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

            2.2.2. Малчинтай энэхүү журмын дагуу гэрээ байгуулж, сумын Засаг даргаар батлуулж ажиллана.

            2.2.3. Цөөн малтай малчин өрхийг малжуулах ажлыг багийн Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслэн энэ журмын 4.1-д заасан хугацаанд гүйцэтгэнэ.

            2.2.4. Малжуулалтын малыг сонгох, гэрээг дүгнэж эргэн төлөлтийн малыг хүлээж авах, дараагийн малчинд шилжүүлэн олгох ажлыг зохион байгуулна.

Гурав. Малжуулах малчин өрхийг сонгох шалгуур үзүүлэлт

3.1. Малжуулах малчинг тухайн багийн иргэд нийтийн хурлаар хэлэлцэн сонгоно.

3.2. Мал аж ахуйн  үйлдвэрлэл дээр орон нутагтаа тогтвор суурьшилтай, мал маллан ажиллаж, амьдарч байгаа, мал маллах хүсэл сонирхолтой байх.

3.3. Малчин өрхөд 2 ба түүнээс дээш хөдөлмөрийн чадвартай хүнтэй байх.

3.4. 100-250 толгой малтай /Мал тооллогын А дансаар/ байх.

3.5. Банкинд хугацаа хэтэрсэн зээлийн болон бусад өргүй байх.

3.6. Нийгмийн хамгааллын чиглэлээр санаачлага гаргасан сайн малчид, иргэдийн хөрөнгийн эх үүсвэрээр 100 хүртлэх толгой малтай малчин өрхийг 2.3, 2.4 дэх шалгуур үзүүлэлтийг харгалзахгүйгээр  малжуулсан хөрөнгийн 25 хүртлэх хувийг тухайн сумын малжуулах санд эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр 1 удаа малжуулж болно. 

Дөрөв . Малжуулалтын малыг сонгох шалгуур үзүүлэлт

4.1. Өөрийн аймаг, сумдад үржүүлэгдэж байгаа бүс нутгийн  байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон, тухайн үүлдэр, омгийн болон  үржлийн шаардлага хангасан хээлтэгч мал байх.

4.2. Аймаг, сумдын мэргэжлийн байгууллагаас мал аж ахуйн чиглэлээр баримталж байгаа бодлого, зорилттой уялдсан байх, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан байх.

4.3. Нэг өрхөд хонин толгойд  шилжүүлснээр 30-60 толгой хээлтэгч малаар малжуулах. Сүргийн бүтцийн 40 хувь хүртлэх  нь ямаа байж болно.

Тав. Малжуулалтын хугацаа, эргэн төлөлт

            5.1. Малжуулах ажлыг тухайн багийн Иргэд нийтийн хурлын шийдвэрийг үндэслэн 8 дугаар сард зохион байгуулна.

            5.2. Малжуулалтад хамрагдсан малчин өрх авсан малаа үр төлөөр нь өсгөж 3 дахь жилдээ 50 хувь, 4 дэхь жилдээ 50 хувийг үржлийн шаардлага хангасан өсвөр хээлтэгч малаар буюу мөнгөөр буцаан төлнө.

Зургаа. Мэдээ, тайлан гаргах

            1. Малжуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг малжуулалтын ажлын явцын мэдээллийг хагас жил, жилийн эцсээр нэгтгэж аймгийн Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад мэдээлж, үр дүнг жил бүрийн 10 сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд тайлагнана.

 

 

--- оОо ---

 

НИЙТЭЛСЭН: 2017-02-02 10:16:35