АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

                Аймгийн төвийн албан байгууллагын удирдлагын шуурхай зөвлөгөөн 03 дугаар сарын 04-ний өдрийн 08.00 цагаас аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдлаа. Хуралд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, ирвэл зохих 67 байгууллагаас 58 байгууллагын удирдлагууд оролцлоо.

              Аймгийн хэмжээнд 02 дугаар сард хийгдсэн болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар удирдлагуудад танилцуулж, хөтөлбөр хэрэгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналаа 03 дугаар сарын 08-ны дотор Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэх, цаашид аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар өөрийн хариуцсан салбарт хийгдсэн ажил болон хийх ажлынхаа мэдээллийг шуурхай хуралдаанд танилцуулж хэвших, Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх 15 арга хэмжээ бүхий төлөвлөгөө, аймгийн ИТХ-ын “Бүтээн байгуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх-2019” болгон зарласан тогтоолтой холбогдуулан албан байгууллагууд ажлаа төлөвлөн хэрэгжүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

 

             Шуурхай зөвлөгөөнд Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Ойнбилэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Батмагнай, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа тухайн салбарт 2018 онд хийгдсэн ажил, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар, аймгийн Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Г.Ундармаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-05 03:42:12