МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ АЙМГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

      Цахим хуралд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн дэд сайд Ж.Сауле, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Цахим хурлаар аймаг, орон нутгийн хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Орон нутгийн удирдлагууд холбогдох хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн төвшинд яаралтай шийдвэрлүүлэх  талаар мэдээлэл солилцлоо.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хөдөө, орон нутгийн удирдлагууд заавал Улаанбаатарт ирж асуудлаа шийдүүлэх биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үр дүнтэй ажил болгох талаар санал гаргалаа.

       Өнгөрсөн сарын 21-ны өдөр бүх шатны Засаг дарга нарыг хамруулсан “Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг Засгийн газраас Төрийн ордонд зохион байгуулах үеэр Ерөнхий сайдаас өгсөн 27 үүрэг, даалгаврыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг ойрын үед эргэж танилцуулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар боловсруулж байгаа Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийг дөрвөн жилээр бус, тав, таван жилээр төлөвлөсөн 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт аймаг бүр өөрийн онцлогоо тусгаж, цаашид тухайн орон нутагт ямар чиглэлээр хөгжих саналаа ирүүлэх, орон нутгийн удирдлагуудтай хийх дараагийн цахим хуралд дарга нараас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулахыг орон нутгийн удирдлагуудад тус тус үүрэг болголоо.

            Аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат аймаг орон нутагт тулгамдаад байгаа дараах асуудлуудыг шийдвэрлэж өгөх хүсэлт тавилаа.

1. Улсын төсвийн 70,1 тэрбум төгрөгөөр хийгдэх 46 шинээр баригдах барилга байгууламжийн эрхийг аймаг орон нутагт шилжүүлж өгөх;

2. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг 2014 оноос хойш олгоогүй байгаа бөгөөд  орон нутагт 2.0 тэрбум төгрөгийг хуваарилан олгох;

3. Хүнс хөдөө, аж ахуйн сайдын багцаас  бэлчээрт 5-аас доошгүй худаг гаргах хөрөнгийн эх үүсвэрийг хуваарилан олгох;

4. Аймгийн хэмжээгээр 400 гаруй мянган га-д үлийн цагаан оготно тархсан байгаа тул  үлийн цагаан оготнотой тэмцэх хөрөнгийг шийдвэрлэж өгөх зэрэг болно.

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-22 09:30:21