АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ЗАРИМ БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА НАРТ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Аймгийн төвийн албан байгууллагын дарга, эрхлэгч нарын шуурхай зөвлөгөөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд боллоо. Хуралд ирвэл зохих 67 байгууллагаас 52 удирдлагууд, Есөнбулаг сумын 7 багийн Засаг дарга оролцлоо.

Л.Батжаргал Аймгийн ИТХ-ын дарга : Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд өнгөрсөн долоо хоногт Эрдэнэ, Чандмань, Дэлгэр, Халиун, Бугат, Цээл, Алтай сумдад ажиллан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль журмууд, залуучуудад цэрэг татлагын талаар сургалт хийж, сумд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаар мэдээлэл хийж, Чандмань, Бугат, Алтай сумдын удирдлагууд эзгүй байсан, сургалтад залуучуудын оролцоо хангалтгүй байсан талаар дурьдан Чандмань сумын сургуулийн барилгын ажил гүйцэтгэлд улсын комисс ажиллуулахаас өмнө, сургуулийн коридорын босгыг багасгуулахад анхаарах талаар үүрэг өглөө. Уг үлдсэн сумдад энэ долоо хоногт 2 ажлын хэсэг ажиллана.

Боловсрол соёл урлагийн газрын төсөв, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Д.Анхбаатар боловсролын салбарт 2019 онд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцууллаа.

“ Архигүй-Алтайчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгөө гарган, холбогдох байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулсан талаар “Ундарга-Алтай” ОНӨААТҮГазар, 3 дугаар сургууль, 5 дугаар цэцэрлэгээс мэдээлэл хийлээ.

 Шуурхай зөвлөгөөний үеэр удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавар:

- Өнгөрсөн 5 дахь өдөр ЗДТГ-аас хийсэн шалгалтаар  Засгийн газрын 2018 оны 258-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн ажил хангалтгүй байна. Иймд байгууллага бүр ажлын зохион байгуулалт, сахилга хариуцлагыг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх талаар тодорхой ажлыг санаачлан зохион байгуулж дүнг 11 сарын 15-ны дотор танилцуулах

- Аймагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын танилцуулга мэдээллийг видео, болон фото зурган байдлаар бэлтгэж,  хөрөнгө оруулалтын шинэ ажлын нээлт хийж, хүлээж авах арга хэмжээний хуваарь гаргаж танилцуулах. /ТЗУХ, ХОХБТХэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар/

- “ Их говийн тэмээний баяр”-ыг 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Есөнбулаг суманд зохион байгуулах талаар мэдээллийг албан хаагчид, сумын иргэдэд хүргэж ажиллах, /Албан байгууллагын дарга нарт/

- Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн бүх байгууллагууд хуульд заасан 4 төрлийн /үүнд: үндсэн үйл ажиллагаа, төсөв санхүүгийн мэдээ, хүний нөөц, худалдан авах ажиллагааны/ мэдээг мэдээллийг бүрэн гүйцэд гаргаж вэб сайт, самбарт байршуулаагүй газрууд өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж илтгэх хуудсаар дүнг танилцуулах /МХГ, ХХҮГазар, Цагдаа, ШШГА, ШШАлба, Нэгдсэн эмнэлэг, Есөнбулаг сумын ЗДТГ-аас бусад агентлагууд/

- Авлигатай тэмцэх газрын 2018 оны зөвлөмжийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийхэд хангалтгүй /44,3 хувь/ гарсан тул хэрэгжилтийг хангаж дүнг танилцуулах /Орон нутгийн хөгжлийн сан, Худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, газар олголт, төлөвлөлтийн асуудал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааны талаарх биелэлт 0-30 хувийн биелэлттэй байна/ ТЗУХ, ХЭЗХэлтэс, СТСХэлтэс, ОНӨАлба, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /

-Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын авто машины засварын санхүүжилтийг шийдвэрлэж, засварын ажлыг бүрэн дуусгах / Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Алтай хотын тохижилт үйлчилгээний газар/

- Махны үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцуулж, газрын зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс,  Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар

-  Түлшний захын газрын асуудлыг яаралтай шийдвэрлэж, захын доод талын сэлбэг, засварын контейнерыг цэгцлэх саналаа танилцуулж, тодорхой арга хэмжээ авах /Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар /

- Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил, анхаарах асуудлаар ажлын хэсгийн хурлыг хийж сум, байгууллагуудад үүрэг чиглэлийг хүргүүлэх, Хөв булагийн уурхайн нүүрс олборлолтод анхаарах. /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс,  Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар /

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-04 17:35:29