АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

2016.10.10                                                                                                                        Алтай хот

Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, хэлтсийн дарга нар болон 62 байгууллагын удирдлага оролцлоо.

Энэ үеэр аймгийн удирдлагууд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Сум дундын ойн ангийн дарга, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Үүнд:

·         Аймгийн удирдлагууд сумдын өвөлжилтийн бэлтгэл болон цаг үеийн ажилтай танилцлаа. Сумдын цахилгаан эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтгүй байна.

·         Сумдад гаргаж байгаа инженерийн хийцтэй худгийн ажил удаашралтай байна.

·         Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 10 дугаар сарын 08-ны өдөр “Ногоон-Алтай” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын нутгийн зөвлөлтэй хамтран бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Maks группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцон таван төрлийн 7000 гаруй мод тарилаа.

Энэ арга хэмжээнд байгууллагууд идэвхтэй оролцсоноос аймгийн ЗДТГ, ГХБХБГ, “Оюуны түлхүүр” сургууль, аймгийн Барилгачдын холбоо зэрэг байгууллагууд манлайлан оролцлоо.  

·         Засгийн газрын 100 хоног арга хэмжээний тайланг нэгтгэн ЗГХЭГ-т хүргүүллээ.

·         Удирдлагын академийн төрийн захиргааны менежмент, нийтийн удирдлага, бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх элсэлтийн шалгалтыг 10 сарын 23-ны өдөр улс даяар нэг зэрэг зохион байгуулах бөгөөд өнөөдрөөс 22-г хүртэл хугацаанд бүртгэл явагдана.

·         Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл боловсруулагдсан. Хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 12-14-ийг дуустал зохион байгуулахаар хуваарь гарсан тул байгууллагуудын удирдлага холбогдох мэргэжилтнүүдтэйгээ дурдсан хугацаанд идэвхтэй оролцохыг мэдэгдлээ.

·         “Эрүүл ус” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон байна.  Усны үйлдвэрээс ус зөөдөг 3 машин эвдэрсэн, дансанд нь мөнгө байхгүйгээс үйлдвэрийн ажилчид 3 сар цалингаа аваагүй байдалтай байна.  

·         Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх нэрийн дор хүнд машин механизм ашиглан хууль бусаар алт олборлож байгаа нөхөрлөлийн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авч байна.

·         Орон нутгийн сонгууль 10 дугаар сарын 19-нд болохтой холбогдуулан Сонгуулийн хэсгийн хороонд орж ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж хариуцлагатай ажиллуулах үүрэг чиглэл өглөө.

·         Тайшир сумын Соёлын төв, Гуулин тосгоны спорт заалны барилгын ажил дуусаж ашиглалтад орох болсон байна. Жишиг болгох боломжтой тул бусад сумдын сургууль, соёлын төвүүдийн удирдлагыг танилцуулах хэрэгтэй.

·         Есөнбулаг сумын Баяншанд, Индэрт багуудын хогийг ачиж дуусан, Баянхайрхан багийн хогийг ачиж эхлээд байна.

Өгсөн үүрэг даалгавар:

·         Сумдын дизель моторуудын аккумлятор, сэлбэг материал дутуу, түлш нөөцлөх асуудлыг  “Алтай -Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-д,

·         “Эрүүл ус” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны талаар хэлэлцэж, цэвэр усаар хангах ажлыг хэвийн болгох асуудлыг шийдвэрлэхийг холбогдох хэлтсийн дарга нарт,

·         Нүүрсний үнийг буулгах,  чанарыг сайжруулах, аймгийн төвийн дулаан хангамжийн доголдлыг хэвийн болгох асуудлыг МХГ, БОАЖГ, “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ болон “Мандал голомт” ХХК-ий удирдлагуудтай хэлэлцэж шийдвэрлэхийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст, 

·         Цэвэр усны алдагдлыг зогсоох талаар арга хэмжээ авч танилцуулахыг  “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-т,

·         Автозамын нөхөөсний ажлыг дуусгахыг “ГА-АЗЗА” ТӨХК-д,

·         Аймгийн газар нутгийн гуравны хоёр хувь нь хайгуулын лицензтэй байгаа асуудлыг цэгцлэх талаар Уул уурхайн сайдад албан бичиг хүргүүлэхийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст,

·         Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх нэрийн дор гарч байгаа асуудлыг БОАЖГ, МХГ хамтран дүгнэлтээ гаргах, хүнд машин механизм оруулсан компаниудын үйл ажиллагааны талаарх асуудлыг шийдвэрлэхийг Цагдаагийн газарт,

·         Агентлагийн дарга нар аймгийн удирдлагуудыг салбарынхаа мэдээллээр хангаж ажиллах.

·         Албан байгууллагын дарга эрхлэгч нарын шуурхай зөвлөгөөн дээр орон нутгийн телевиз, радиог оролцуулж, иргэдэд мэдээлэл хүргэхийг Нийгмийн бодлогын хэлтэст,

·         Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын шуурхай зөвлөгөөнийг шаардлагатай үед албан байгууллагууд дээр зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэст,

·         Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа ажилд оролцохгүй байгаа байгууллагын удирдлагуудад журмын дагуу арга хэмжээ авах.

·      Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл /оёдлын машин, усны сав нийлүүлсэн зэрэг/-ийн талаар  Хууль эрх зүйн хэлтэс,  Санхүү төрийн сангийн хэлтэст,

·         Нэгдсэн эмнэлгийн буулгасан хуучин хашааг Солонго хорооллын автозамын дагуу тарьсан модны хамгаалалтын зориулалтаар Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт хүлээлгэж өгөхийг Нэгдсэн эмнэлэгт, 

·         Хуучин хүүхдийн паркаас гарсан хайсыг цуглуулахыг Орон нутгийн өмчийн газар, Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт,

·         Мод тарих ажилд оролцоогүй буюу шаардлага хангаагүй байгууллагууд  нөхөж мод тарих,  тарьсан модоо энэ 7 хоногт дахин услахыг БОАЖГ, “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ, Сум дундын ойн анги, Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт,

·         10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагаас эхлэн нийтийн эзэмшлийн газруудад их цэвэрлэгээг хуваарийн дагуу хийхийг бүх байгууллагын удирдлагуудад,

·         Сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдэд сүүлийн жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалтын мэдээллийг танилцуулахыг Боловсрол, соёл урлагийн газарт тус тус үүрэг болголоо.

 

 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН: 2016-10-10 15:00:00