АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын   01 дугаар сарын 16-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд ирвэл зохих 83 байгууллагаас 65 байгууллагын удирдлага оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, цаг үеийн ажлын талаар, Аудитын газарын дарга Х.Түвшинбаяр, “Санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөлт явц”-ын талаар, Цагдаагийн газрын дарга Г.Түмэннэсан, “2016 оны эрүү, хэв журмын нөцөл байдал”-ын талаар,  Статистикийн хэлтсийн дарга Д.Тунгалаг, “Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын 2016 оны жилийн танилцуулга”   мэдээлэл,  Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудас”-ны талаар мэдээлэл хийлээ. Үүнд:

·         Шинэ Үндсэн хуулийг төрийн албан хаагчдад сурталчлах, ач холбогдлыг нь таниулах зорилгоор “Шинэ Үндсэн хуулийн ардчилалыг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15.00 цагт Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад зохион явууллаа. Тус арга хэмжээнд 62 төрийн байгууллагын 360 орчим төрийн албан хаагчид оролцлоо.

·         Аймгийн ЗДТГ-ын хэлтсүүдийн дунд зохион явуулах “Үндсэн хууль ба төрийн алба” сэдэвт “Цэц” хууль зүйн уралдаант  тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

·         193 байгууллагын 273 Санхүүгийн тайланд аудитын хяналт, шалгалт хийхээр төлөвлөлт гүйцэтгэлийн шатандаа явж байна.

·         Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт 2016 оны байдлаар 183 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оноос 12.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

·         Алтай нутгийн хүүхэд багачуудад шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилготой Монгол улсын аварга, шатрын спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү-2017” аймгийн наадам амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадамд 10 сум, төвийн 5 сургуулийн 210 гаруй сурагчид оролцлоо.  Энэ жил ахлах 3 нас нэмэгдэж нийт 7 насны ангиллаар зохион    байгуулагдсанаараа онцлог байсан бөгөөд ангилал тус бүрд тэргүүн байр эзэлсэн сурагчид 1-р сарын 26,27,28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо улсын аварга шалгаруулах "Цодгор хүү-2017" наадамд оролцох эрхтэй боллоо.  

·         Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ, ОНХС, СХС, ИТХ, Төрийг сангийн    2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв. Хяналт шалгалт хийсэн талаар нэгдсэн танилцуулга бичиж хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах цаашид давтан гаргахгүй ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудад заавар зөвлөмж өгч хяналт шалгалтын дүнг байгууллагын удирдлагууд, санхүүгийн албаны ажилтнууд, байгууллагын эд хариуцагч нарт танилцуулан хүргүүллээ. 

ТББ-уудын үйл ажиллагааг сурталчилах нээлттэй өдөрлөг 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.

·         Холбогдох эрх зүйн актын 2016 оны биелэлтийг нэгтгэн аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн систем /unelgee.gov.mn/ -д заалт бүрээр байршууллаа.

·         Хүн ам, нийгмийн зарим үзүүлэлт: Оны эцэст 15.3 мянган өрхөд 56.7 мянган хүн амьдарч байгаагийн 49.7 хувь буюу 28.2 мянга нь эрэгтэйчүүд, 50.3 хувь буюу 28.5 мянга нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 30.2 хувь буюу 17.1 мянга нь аймгийн төв Алтай хотод, 25.2 хувь буюу 14.3 мянга нь сумын төвд, 1.6 хувь буюу 0.9 мянга нь тосгонд, 43.0 хувь буюу 24.4 мянга нь хөдөө амьдарч байна.

·         Насны суварга: Нийт хүн амыг нас  хүйсийн суваргаас харахад 0-39 насны хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь илүү байхад 40-с дээш насныханд эмэгтэйчүүдийн эзлэх хувь их байна. Аймгийн хэмжээнд 70 дээш насны 1446 өндөр настан байгаагийн 65.6 хувь нь эмэгтэйчүүд байна. 2016 оны эцсээр аймгийн хэмжээнд 97-с дээш насны 3 өндөр настан байгаа бөгөөд 3-лаа эмэгтэй хүн байна

·          Хүн ам байршлаар: Аймгийн төвд 5053 өрхийн 17137 хүн, сумын төвд 3900 өрхийн 14267 хүн, тосгонд 306 өрхийн 927 хүн амьдарч байна. Хөдөөд 6995 өрхийн 24363 хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 42.9% байна.

·         Хүн ам, нийгмийн зарим үзүүлэлт: Иргэний бүртгэлийн мэдээгээр 246 иргэн гэрлэлтээ бүртгүүлж 20 иргэн гэрлэлтээ цуцлуулж, 19 хүүхэд үрчлэгджээ.

·         Аймгийн дүнгээр бүтэн өнчин 49, хагас өнчин 0.9 мянган хүүхэд, арван найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлгүй хүн 0.9 мянга, ганц бие өндөр настан өрх 1.2 мянга, өрх толгойлсон 3.0 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 2.1 мянган хүн тус тус байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 24.1 хувь  нь хөдөлгөөний согогтой, 10.1  хувь нь сонсгол, 4.2 хувь нь хэл ярианы  согогтой, 6.2 хувь нь хавсарсан согогтой, 10.8 хувь нь харах эрхтний өөрчлөлттэй, 28.0 хувь нь бусад, 16.6 хувь нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүс  байна.

·         Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2016 оны эцэст 1176 эх амаржиж, 1176 хүүхэд мэнд төрлөө. Өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эх  108 буюу  8.4 хувиар, хүүхэд 117-оор буюу 9.0 хувиар буурсан байна. Нялхасын эндэгдэл 19 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 буюу 11.7 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 2 тохиолдлоор нэмэгдсэн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эцэст 964 болж, өнгөрсөн мөн үеийнхээс 548 буюу 2.3 дахин нэмэгджээ. Халдварт өвчлөл нэмэгдэхэд  улаан бурхнаар өвчлөгчид өнгөрсөн оны мөн үеэс 599 буюу 17.2 дахин, салхин цэцгээр өвчлөгчид 76 буюу 5.8 дахин, гар хөл амны өвчин 16  буюу 4.2 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

·         Боловсрол: Ерөнхий боловсролын 28 сургууль, 28 цэцэрлэгт өсвөр үеийг сурган хүмүүжүүлж байна. ЕБСургуулиудад 11.3 мянган сурагч суралцаж, цэцэрлэгт 4.4 мянган хүүхэд хүмүүжиж байна. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 1110 хүүхэд элсэн суралцаж байна.

·         Аж үйлдвэр: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2016 оны байдлаар 13 тэрбум 223.1 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 265.4 сая төг буюу 1.97 хувиар буурлаа. Үүнд олборлох аж үйлвэрийн салбар 6.6 хувиар өссөн хэдий ч, боловсруулах аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 22.3 сая төг буюу 1.3 хувиар, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл усан хангамжийн салбарын нийт үйлдвэрлэл 316.1 сая төг буюу 2.99 хувиар буурсан нь голлон нөлөөллөө. Өмнөх оны мөн үеийнхээс цахилгаан эрчим хүч, түгээсэн цэвэр ус, сувагжуулалт, сүү, сүүн бүтээгдэхүүн, архи дарс, арвайн гурил, хүснэгт маягт, нүүрс, улаан тоосго үйлдвэрлэл нь 1.3-97.8 хувиар, харин блок 1.8 дахин, банш үйлдвэрлэл 1.1 дахин өссөн байна. Харин дулаан, гутал ботинк, монгол дээл, хиаман төрлийн бүтээгдэхүүн, амтат ус ундаа, талх нарийн боов, хуванцар цонх зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл 6.4-46.2 хувиар буурсан байна. Аж  үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2016 оны байдлаар 11 тэрбум 466.1 сая төг бүтээгдэхүүн борлуулжээ.

·         Мал аж ахуй: 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 3497.5 мянган толгой мал тоологдсоны дотор адуу 106.8 мянган толгой, үхэр 71.1 мянган толгой, тэмээ 38.5 мянган толгой, хонь 1107.1 мянган толгой, ямаа 2173.9 мянган толгой мал тус тус тоологджээ.Малын нийт тоо  өмнөх оноос 574.9 мянга буюу 19.6  хувиар өссөний дотор адуу 18.4 мянга буюу 20.8  хувь, үхэр 12.3 мянга буюу 20.9  хувь, тэмээ 3.8 мянга буюу 1.1  хувь, хонь 197.8  мянга буюу 21.8  хувь, ямаа 342.6  мянга буюу 18.7  хувиар тус тус өсчээ. Улсад нийт тэмээ болон ямааны тоогоор 3-р байранд, мянгат малчдын тоогоор 5-р байранд тус тус оржээ.Малтай 9932 өрх байгаагийн 6903 нь малчин өрх байна. Мөн энэ онд 1000 түүнээс дээш малтай өрхийн тоо 646 болж өнгөрсөн оноос 226 өрхөөр нэмэгджээ.

·         Газар тариалан:  Энэ оны эцсийн байдлаар үр тариа 525.3 тн, төмс 633.1 тн, хүнсний ногоо 468.8 тн, малын тэжээлийн ургамал 1479 тонныг тус тус хурааж аваад байна. Мөн 5169.3 тн байгалийн хадлан, 283.2 тн гар тэжээл, 2879.5 тн хужир шүү тус тус бэлтгэсэн  байна.

·         Төсвийн орлого: Орон нутгийн төсөвт 53 тэрбум 22.7 сая төгрөг оруулж, төлөвлөгөөг 90.9 хувиар биелүүлж, аймгийн орлогын албан татвар 5 тэрбум 733.8 сая төгрөгийн орлого олж төлөвлөгөөг 109.2 хувиар биелүүлсэн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 8 дахин, байгалийн нөөц ашигласны төлбөр 4 дахин, Ус, рашааны нөөц ашигласны төлбөр 2 дахин, нохойны албан татвар 4 дахин, төсөв байгууллагын өөрийн орлого 8 дахин, түрээсийн орлого 2 дахин давуулан биелсэн байна. Татварын орлогын төлөвлөгөөг Алтай, Баян-Уул, Бигэр, Дарив, Цогт, Шарга сумууд 2-5 дахин, Бугат, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Хөхморьт, Цээл, Чандмань, Эрдэнэ сумд 3.9-186.3 хувиар давуулж, бусад сумууд 10.41-11.4 хувиар тасалсан байна.

·         Төсвийн зарлага: Орон нутгийн төсвийн зарлагыг 58 тэрбум 33.3 сая төгрөгөөр санхүүжүүлэн 99.5 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 99.2, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 99.5, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын 107.5, хангамж бараа материалын зардал 104.4, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж 109.9, бараа үйлчилгээний бусад зардал 114.3, эд хогшил, урсгал засварын зардал 132 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

·         Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сард өмнөх сараасаа 0.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувь, суурь үеийнхээс 55.0 хувиар өсчээ. Ерөнхий индекс 2016 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн индекс 0.5, хувцас, бөс бараа, гутал 0.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Энэ бүлгийн үнийн индекс өсөхөд тухайн бүлэгт өндөр хувийн жин эзэлдэг мах 500-800 төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

·         Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2016 оны 12 дугаар сард өмнөх оны жилийн эцсээс 3.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус 5.3, хувцас, бөс бараа, орон сууц, ус, цахилгаан, түлш 4.1, гэр ахуйн тавилга, бараа 5.4, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

·         Махны дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 11-ны байдлаар хонины махны үнэ өмнөх сарынхаас 25.9 хувь, үхрийн цул махны үнэ 18.9 хувь, ямааны махны үнэ 18.5 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад махны үнэ тогтвортой байна. 2017 оны 1-р сарын 11-ны байдлаар 1 кг хонины мах дунджаар 4500 төгрөг, үхрийн цул мах 5800 төгрөг, ямааны /ястай/  мах 3200 төгрөгийн үнэтэй байв.

·         Монгол банк: Чанаргүй зээл 2016 оны 12 дугаар сарын эцэст 1.5 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 64.2 сая төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.7 хувийг эзэлж байна.

·         Барилга: Барилга угсралт, их засварын нийт 12 тэрбум 121.5 сая төгрөгийн ажил хийж, үүнээс 10 тэрбум 806.9 сая төгрөгийн шинэ барилга, 1 тэрбум 314.6 сая төгрөгийн их засварын ажлыг гүйцэтгэсэн байна. Говь-Алтай Ховд аймаг хоорондын 165 км хатуу хучилттай авто замыг 116 тэрбум 298.1 сая төгрөгөөр, нисэх буудлын хатуу хучилттай замыг  492.0 сая төгрөгөөр тус тус барьсан нь энэ салбарйн өсөлтөд голлон нөлөөлжээ.

·         Гэмт хэрэг: Байгууллага, иргэдийн 311.4 сая төгрөгийн өмч хөрөнгөнд хохирол учруулж, 183 гэмт хэрэг гарч, эдгээр хэргүүдээс хулгай гэмт хэрэг, үүнээс тээврийн хэрэгсэл болон орон байрны хулгай, хүчин, дээрэм булаалт, ББМБГУчруулах гэмт хэргүүд дийлэнх буюу 75.9 хувийг эзэлж байна. Гарсан нийт хэргийн 62.8 хувь нь Алтай хот буюу Есөнбулаг сумд гарсан хэрэг эзэлж байна. Гэмт хэрэгт холбогдогчид 214, үүнээс эмэгтэй 19, хүүхэд 12, ажил мэргэжилгүй 92 хүн бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас нас барсан 8 хүн, урьд шийтгүүлсэн 19 хүн, баривчлагдсан 159 хүн, саатуулагдсан 636 хүн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан 176 хүн бүртгэгджээ.

·         Цахилгаан холбоо: Интернет хэрэглэгч 596 байгууллагад ADSL болон шилэн кабелын интернетээр үйлчилжээ. Суурин телефон цэгийн тоо 748, холбоо ашиглалтын орлого 258.3 сая төгрөг, үүнээс хүн амаас орсон орлого 180.9 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Интернэтийн үйлчилгээний нэг цэгийн 20 суудалтай ажиллаж интернэтээр дунджаар 2.7 мянган хүнд үйлчилжээ.

Өгөгдсөн үүрэг даалгавар:

1.     2017 онд Засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээний төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, сумдын Засаг даргатай байгуулах гэрээнд тусгах саналаа 2017 оны 01 дүгээр сарын 17-ны дотор холбогдох хэлтэст ирүүлэх

2.    Агентлагууд Аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд цаг үеийн мэдээ мэдээллийг тогтмол байршуулж хэвших

3.    Монголын уламжлалт “Цагаан сарын баяр”-тай холбогдуулан төрийн одон, медалиар шагнагдах хүмүүсийн материалыг ойрын хугацаанд яаралтай ирүүлэх

4.    Төрийн байгууллагууд сул орон тооны захиалгыг төрийн албаны салбар зөвлөлд ирүүлэх

5.    Аймгийн Засаг даргатай байгуулах 2017 оны үр дүнгийн гэрээний төслийн 1 хувийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлж хянуулах,  Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан салбарын асуудлуудаа үр дүнгийн гэрээндээ заавал тусгаж оруулах

6.    Хотын өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч ажиллах

НИЙТЭЛСЭН: 2017-01-17 14:57:43