АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

2017.02.06                                                                                                         Алтай хот

Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын   02 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд ирвэл зохих 83 байгууллагаас 70 байгууллагын удирдлага оролцлоо.

Энэ үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг, Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Н.Энхбат, Есөнбулаг сумын Засаг дарга Ш.Дагва нар цаг үеийн ажлын талаар,  Онцгой байдлын газрын дарга Ш.Ган-Эрдэнэ, “Мялзан” өвчний талаар мэдээлэл хийлээ. Үүнд:

·         2017 оны 02.06-10-ны хооронд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг Эрүүл мэнд, боловсролын салбар, аудитын газарт тус тус хяналт шалгалт хийж, тусгайлан ажиллахаар боллоо.

·         УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд аймгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нартай цахимаар холбогдож, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийсэн байна. Энэ үеэр “Тайшир-Алтай” төсөл хэрэгжихээр болсон, 256 км замын санхүүжилт шийдэгдсэн 2017 онд багтааж ашиглалтанд оруулах гэж байгаа хэмээн хэлжээ. Мөн ЭМЯ, ХНХЯ, БСУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Говь-Алтай аймагт 2017 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан байна. Эхчүүд, эмэгтэйчүүдийн хүсэн хүлээж байсан 50 ортой төрөх эмнэлэгийн санхүүжилтийг шийдэж энэ онд багтааж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгааг дуулгасан байна. Энэхүү ажил нь эх, хүүхэд, цаашлаад залуу гэр бүлд оруулж буй маш том хөрөнгө оруулалт билээ.

·         2017 оны 02 дугаар  сарын 2-ны өдөр аймгийн Засаг дарга агентлагийн  даргатай  байгуулах үр дүнгийн гэрээ, сумдын Засаг дарга нартай байгуулах хамтран ажиллах гэрээ байгуулагдлаа.
Тус гэрээнүүд 2017 оны аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
 Гэрээ байгуулах үйл ажиллагааны дараа аймгийн удирдлагууд, агентлаг, сумдын удирдлагуудад  хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, ажлаа эрчимжүүлэх, шинийг санаачлан, ажлын үр бүтээмжтэй ажиллаж аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө их зүйл хийж бүтээж ажиллахыг хүсч, байгууллагуудын үйл ажиллагаандаа цаашид анхаарч ажиллах асуудлын талаар чиглэл өгсөн байна.

·         Говь-Алтай аймгийн 2017 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний төвийн бүс буюу Есөнбулаг сумын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 02 дугаар сарын 03-05-ны хооронд спортын 5 төрлөөр зохион байгуулагдлаа.

·         Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой, Маршал Х.Чойбалсангийн 122 жилийн ойг хамтатган өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлсэн байна.  Энэ өдөр аймаг, орон нутгийн удирдлагууд, ард иргэд тусгайлсан МУ-н Баатар М.Жанчивын талбайд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж,  АДБАЧ-д хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Мөн аймгийн орон нутаг судлах музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн толилуулсан байна. Их жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт мэндэлж байжээ. Тэрээр 28 настайдаа буюу 1921 онд Ардын хувьсгалыг эхлүүлж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч нэгэн билээ.

·         Есөнбулаг сумын 10 багийн Засаг дарга, ИНХ-ын даргын сонгууль зохион байгуулагдсан байна.

·         Алтай хотын “Гэрэлтүүлэгийг нэмэгдүүлэх аян”-г 2017 оны 02 дугаар сарын 15-07 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулахаар боллоо.

·         Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганьсу мужийн Субэй монгол хошууны нам, засгийн урилгаар төрийн хошой шагналт Лодойдамын нэрэмжит  Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын 40 гаруй уран бүтээлчид тоглолт хийсэн бөгөөд БНХАУ-ынхан сэтгэгдэл өндөр хүлээж авсан байна. Тус уран бүтээлийн тоглолт 24 жилийн дараа дахин хамтын ажиллагаа эхлүүлж байгаагаараа онцлог юм.

·         2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгаас санаачлан зохион байгуулахаар төлөвлөсний дагуу “Алтан унжлагт тахиа жилийн шар шинийн золголт”, “Шашин урлагийн” цэнгүүн болохоор боллоо. Тус арга хэмжээнд  Энэтхэг улсын Среаже дацангийн Гэвшлхаарамба, Аграмба лам хувиргууд оролцож сүсэгтэн олны буян хишгийг даллаж, жилийн засал хийж, бурхан багшийн сургааль ном айлдана.

·         Дэлхийд нэн ховорт ордог бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгийн 6 сумын нутагт цөөн тоогоороо амьдардаг бөгөөд бөхөн гөрөөс олноороо үхэж байна. Бөхөн гөрөөсийг хамгаалах ажил үйлсэд “Дэлхийн байгаль хамгаалах сан”-гаас 16 сая төгрөгний төсөв гаргаж өгсөний дагуу Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрууд сумдын удирдлагууд, иргэдтэй хамтран аймгийн хэмжээнд “Мялзан” өвчний улмаас үхсэн 4000 орчим бөхөнг устгах ажил өндөр түвшинд хийгдлээ. Цаг агаар дулаарвал “Мялзан” өвчин нэмэгдэх аюултай учраас урьдчилсан сэргийлэх, тус өвчнийг бууруулах арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Гоц халдварт “Мялзан” өвчин дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хоёр аймгийн есөн сум буюу тодруулбал Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сумын нутагт нийт 4000 орчим бөхөн үхсэн байна. Ийнхүү ойролцоогоор 4000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгаад байна гэсэн албан бус тоог орон нутагт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийнхэн хэллээ. Бөхөн өргөн уудам нутагт амьдардаг тул хаана, хэдэн бөхөн үхсэнийг яг нарийвчлан тогтооход бэрхшээлтэй байгаа юм байна.

Өгөгдсөн үүрэг даалгавар:

·         Шуурхай зөвлөгөөний шинэ мэдээ мэдээллийг албан байгууллагын дарга,  эрхлэгч нар тухайн байгууллагынхаа албан хаагчдад мэдээллэх

·         Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд албан байгууллагын дарга, эрхлэгч нар идэвхтэй оролцох

·         Төрийн байгууллагын удирдлагууд төрийн ажлыг хурдан шуурхай, ил тод, нээлттэй явуулж, ажилдаа чин сэтгэлээсээ санаачлагатай хандах

·         Орон нутаг судлах музей, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, Нийтийн номын сангийн удирдлагууд аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах

·         Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага, мэргэжилтэнүүд “Мялзан” өвчний ванкцинжуулалтын талаар аймгийн удирдлагуудад мэдээлэл хийж, танилцуулах

 

 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН: 2017-02-07 12:21:47