БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Т.СУРЕШ БАБУ ТУС АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу Говь-Алтай аймагт ажлын айлчлал хийлээ. Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм тэргүүтэй удирдлагууд  Элчин сайдыг хүлээн авч уулзан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Засаг дарга С.Гансэлэм аймгийнхаа товч танилцуулгыг хийж, ирэх онуудад хийгдэх томоохон төслүүдыг танилцууллаа.
Энэ үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу "Монгол, Энэтхэг хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулж, энэхүү харилцаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр орны ард иргэдийн харилцааг илүү дотно болгодог зүйл бол бурхны шашин" гэдгийг онцоллоо. Тэрбээр “Энэтхэгийн Ерөнхий сайд хоёр жилийн өмнө Монгол Улсад төрийн айлчлал хийж, нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээснээ мэдэгдсэн. Одоогоор Монголын Засгийн газар энэхүү зээлийн шугамыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү зээл нь Монгол орны хөгжил дэвшилд ахиц авч ирнэ гэдэгт итгэж байна. Үүнээс гадна Ерөнхий сайд Монгол Улсаас 150 төрийн албан хаагчийг богино, дунд, урт хугацаагаар Энэтхэг улсад сургалтад хамрагдах, мэргэжил дээшлүүлэх болсныг зарлаж, энэ ажлын хүрээнд манай аймгаас 15 албан хаагчийг хамруулахаа амласан юм.
Мөн аймгаас уламжилсан санал хүсэлтийг Элчин сайд ноён Суреш Бабу хүлээн авлаа. Тэрээр “танай аймгаас бидэнтэй хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын ажлын алба, Гадаад харилцааны яамаар дамжуулан уламжилвал бидний зүгээс дэмжихэд бэлэн байна” гэж мэдэгдлээ.
 
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2018-03-11 04:02:48