“МАЛ ЭМНЭЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ”-НИЙ НЭЭЛТ БОЛЛОО.

Монгол Улсын Засгийн газраас мал сүргээ өвчилсөн үед нь тэмцдэг бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр Говь-Алтай аймагт “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний нээлтийг хийлээ. 
Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Мал хэдийгээр хувийн өмч болсон ч гэсэн малаа эрүүлжүүлэх, малаа эмчлэх асуудал орхигдсон байна. Мал эрүүл байна гэдэг бол хүн эрүүл байна гэсэн үг. Монгол хүний хүнсний хэрэгцээний хамгийн чухал нь мах байдаг. Тиймээс бид малаа эрүүл байлгах хэрэгтэй. Эрүүл мах, эрүүл хүнс хэрэглэж эрүүл Монгол хүн байх ёстой. Эрүүл хүнсийг өөрсдөө хэрэглэхээс гадна эрүүл хүнсийг экспортолж ихээхэн хэмжээний орлого олох боломж байгаа. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд малаа эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяныг зохион байгуулахаар болж байна. Мал эрүүлжүүлэх ажил нь бүх нийтийн үйлс байх учиртай.” гэв.
Энэ үеэр мал эрүүлжүүлэх вакцины дээжийг аймгийн аймгийн Засаг даргад, газар тариалангийн тракторын иж бүрдэл, 120 м2 хүлэмж, мотоблок /төмс услагч/, 5 га-ийн бороожуулагч, ноос пресслэгч, ноос хяргах машин, малын зөөврийн хашаа зэрэг 123.0 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт гардуулан өглөө. 
Мөн Төгрөг, Бигэр сумдын сум дундын эмнэлэг, Дарив, Тайшир сумын эрүүл мэндийн төвд центрифуг /цус ялгах аппарат/, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Алтай сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашины түлхүүрийг гардуулан өгч, эрүүл мэндийн салбарт 95.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

НИЙТЭЛСЭН: 2018-05-09 12:47:37