АЙМГИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛЛЭЭ.

        Жаргалтайн дэлгэр зуны дунд сард жаргалын хийморио сэргээн тэмдэглэдэг Монгол наадам Алтай нутагт маань эхэллээ.

       Монголчууд бидний өвөг дээдэс эх дэлхийн түүхэнд төрт ёсыг үндэслэж, Тулгар төрөө байгуулсны 2227 жил, улмаар эзэнт гүрэн Их Монгол улсыг цогцлоон байгуулсны 812 жил, Ардын хувьсгал ялан мандсаны 97 жилийн ойн аймгийн баяр наадмын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга С.Гансэлэм үг хэлж, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүллээ.

      Ажил үйлс, амжилт бүтээлээрээ Алтайчуудаа манлайлж,Монгол Улсын алдарт уяач цол хүртсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг, Улсын хошой аварга малчин О.Гансүх, аймгийн Хөдөлмөрийн аварга, Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч А.Сувдмаа, аймгийн Тэргүүний хамт олноор шалгарсан "Тайшир-Гуулин усан цахилгаан станц" ХХК-ий дарга Д.Амартүвшин, тэргүүний агентлагаар шалгарсан Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа, Тэргүүний сумаар шалгарсан Төгрөг сумын Засаг дарга Л.Алтангэрэл, аймгийн заан Д.Ганцоож, “Дэлгэрэх” хуримтлалын бүлгийн удирдах зөвлөлийн гишүүн, цэцэрлэгч Д.Дэжидмаа, Шилдэг сурагч Ө.Мягмардаш нар төрийн алтан соёмбот далбаа, аймгийн тугийг наадмын тэнгэрт мандууллаа.

       Наадмын хүндэт индрийн өмнүүр аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүн, хүчит бөхчүүд, уяачид, харваачид, соёл урлаг, спорт, ахуйн үйлчилгээний салбарын төлөөлөл, тэргүүний хамт олон, шилдэг агентлагийн хамт олон жагсаж, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.

НИЙТЭЛСЭН: 2018-07-10 05:18:30