АЙМГИЙН БАЯР НААДАМД 256 БӨХ БАРИЛДАЖ, 70 ГАРУЙ ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬЖ БАЙНА.

    Уясан морьдын өнгө жавхаажин, унасан хүүхдийн гийнгоо цангинаж, хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ гайхуулж аймгийн баяр наадам сайхан үргэлжилж байна.

 

          Аймгийн баяр наадамд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, улсын начин С.Эрхэмбаяр, улсын начин Д.Батбаяр, улсын начин Д.Лхагвадорж, улсын начин Н.Баярмагнай нарын улсын цолтой 7 бөх, аймгийн цолтой 46, сумын цолтой 85 бөх ирж барилдан наадамч олноо баясгаж байна.

         Баяр наадмын үндэсний сурын харваанд 34 эрэгтэй, 18 эмэгтэй, 28 хүүхэд нийт 80 тамирчин оролцож байна. Өмнөх жилүүдэд баяр наадмын сурын харваанд 30-40 харваач оролцдог байсан бол энэ жил оролцогчдын тоо 2 дахин өссөн нь аймгийн хэмжээнд “Алтайн 1000 харваач” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсний үр дүн юм.

         Аймгийн Шүүхийн шүүгч Э.Золбадрах, Насан туршийн боловсролын төвийн багш Н.Энхжаргал нарын улс, аймгийн цолтой харваачдаас гадна Жаргалан, Баян-Уул, Бугат, Тонхил, Дэлгэр, Шарга сумын харваачид аймгийнхаа баяр наадамд цэц мэргэнээ сорьж байна.

НИЙТЭЛСЭН: 2018-07-10 10:52:18