ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ЛОДОНГИЙН ТҮДЭВ /1935-2020/

          Монгол Улсын төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, ХХ зууны манлай сэтгүүлч, нэрт соён гэгээрүүлэгч, утга зохиолын ноён оргил Лодонгийн Түдэв 85 насандаа тэнгэрт хальж Алтай нутгийн төдийгүй Монголын ард түмэнд нөхөж баршгүй их уй тохиолоо.

          Талийгаач Лодонгийн Түдэв нь 1935 онд Говь-Алтай аймгийн “Наран” сум буюу одоогийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг "Өвөр замын бууц" хэмээх газар малчин ардын гэр бүлд төржээ.

          Л.Түдэв 1942–1950 онд  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953–1956 онд УБДС, 1964–1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийг эзэмшсэн ажгуу.

      УБДС-ийг төгсөөд 1956 оны намар төрсөн нутаг Говь-Алтай аймгийн “Наран” суманд  багшилж ажлын гараагаа уулсын сайхан Алтай буюу унаган нутгаасаа эхлүүлж 3 жил ажиллаад 1959 онд Улаанбаатар хотод багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогджээ. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч, нам засгаас дэвшүүлэн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилсон байна. Удалгүй 1962 онд “Соёл-утга зохиол” сонины эрхлэгчээр томилогджээ. Тэрбээр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд Москвад сурч боловсорсон он жилүүд нь түүний цаашдын ажил, амьдралд чухал нөлөө үзүүлсэн юм. Улмаар 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалаад ирснийхээ дараа МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж, 1974 онд МЗЭ-ийн даргаар сонгогдов.

           Тэрээр 1975 оноос МХЗЭ–ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах болсон байна. Л.Түдэв МЗЭ–ийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү 8 жил шахам хугацаанд ажиллахдаа зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдоо эрхэлсэн ажилтай, нэр төртэй байлгах талаар хичээн зүтгэжээ.

           Л.Түдэв уран бүтээлээ 1950 оноос туурвиж эхэлсэн бөгөөд зохиол бүтээл болох 15 ном нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.

           Ном, товхимол болж хэвлэгдсэн бүтээлүүд: Хорвоотой танилцсан түүх (тууж), “Сайн байцгаана уу, хүүхдүүдээ” (шүлгүүд), “Нөхөд” (тууж), “Анчны тэмдэглэл” (өгүүллэгүүд), “Осолтой жим” (тууж), “Уулын үер” (роман), “Жаалууд” (өгүүллэгүүд), “Зохиогүй чимэг” (өгүүллэгүүд), “Нүүдэл” (роман), “Алтан гадас чигийг заана” (баримтат тууж), “Хөдөөнийхөн” (өгүүллэгүүд), “Мөнхийн ус” (тууж), “Оргил” (шүлгийн түүвэр), “Нүүдэл суудал” (роман), “Ухаан” (тууж), “Үл ажиглагдам онцгой учралууд” (хүүхдийн зохиол), “Өнөөгийнхөн” (тууж, өгүүллэгүүд), “Бүгд Найрамдах Улсын анхдугаар он” (Улс төрийн роман), “Оройгүй сүм” (роман), “Хувьсгал танаа өчье” (баримтат өчил роман), “Эргүүлэг” (зохиолын цоморлог), “Эрхий дарам зай” (туурь), “Дээр хөх тэнгэр доор бор дэлхий” (зохиолууд), “Дайрлага дайравзай” (тууж), “Нүглийн гурван үүд” (зохиолууд), Төл (зөгнөлт роман), “Мөнхийн гал” (тууж) гэх мэт...

            Кино зохиолууд: “Зэрэг нэмэхийн өмнө”, “Миний Монгол”, “Говь Хянганд тулалдсан нь”, “Таван нуурын дууль”, “Бөхөн” гэх мэт ...

           Сэтгүүл зүй, нийтлэлийн ном: “Болгар нутагт”, “Нэгэн хувьсгалын тухай сурвалжлага”, “Замбуулингийн наран дор”, “Өв тэгш хүмүүжил”, “Хүмүүс”, “Хүмүүжил цогцолбор асуудал”, “Асуудал”, “Найрамдлын жигүүрээр сансарт”, “Өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч”, “Нарнаас ус, уснаас гал”, “Боловсроогүй боловсрол”, “Долоон үг” гэх мэт нийтлэл, сурвалжлагын эмхтгэлүүд нь Монгол Улсын утга зохиол, шинжлэх ухаан, кино урлаг, сэтгүүл зүйн салбарын үнэт өв болон хадгалагдан үлджээ.

            Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн "Дал" сонины эрхлэгчээр ажиллаж байсан юм.

            Түүний дундаршгүй их авьяас билэг, яндашгүй их эрдэм мэдлэгийг төр засгаас  өндрөөр үнэлж, 1968 онд "Уулын үер", "Нүүдэл" зэрэг романд МХЗЭ-ийн шагнал, 1977 онд "Эрдэнэтийн гурван эрдэнэ" "Баатрын хоёр дахь гараа" зохиолд МЗЭ-ийн шагнал, 1971 онд "Уулын үер", "Нүүдэл" романд Монгол Улсын Төрийн шагнал хүртээж, 1989 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 1998 онд Хөдөлмөрийн баатар, 2009 онд Ардын уран зохиолч  цол тэмдгээр шагнасан байна.

            Л.Түдэв эх орон, элгэн түмнийхээ төлөө сэтгэлээ чилээж, мэдлэгээ зориулж 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан олон түмэн, эр орондоо үнэлэгдсэн эрхэм хүн байлаа.

             Нэг хүн байтугай нэг хэсэг хүний ихээхэн хөдөлмөр гаргаж байж бүтээх их үйлсийг олон жилийн уйгагүй хөдөлмөр, онцгой авьяасаараа цогцлон бүтээжээ.

             Л.Түдэв  таны ажилч хичээнгүй чанар, алсын хараатай бодлого, нөр их хөдөлмөрч зан, нэр бүтэн амьдралын замнал, эрхэм үйлс, элгэмсэг дотно, гэгээн дүр төрх Алтай нутгийн төдийгүй Монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхөд хадгалагдан үлдэх болно.

             Дэлхийн дайдад эрэмбэлэгдэх их бичгийн хүмүүн таныг Алтай нутаг, амгалан эх орондоо эргэж төрөхийн шалтаг дор түм, түмэн маань хэлхэж, мянга, мянган сэтгэлийн зул өргөн залбирч, гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗТХЯ-НЫ САЙД Б.ЭНХ-АМГАЛАН

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ТЭРГҮҮЛЭГЧИД

ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН “ХАНТАЙШИР” САЛБАР

 

НИЙТЭЛСЭН: 2020-04-13 17:48:31