МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ: ХҮН БҮРИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭЦГЭЭЕ.

 “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан хүний эрхийг хамгаалагчид, ивээн тэтгэгчид, дэмжигчид нартаа болон түмэн олондоо хүний эрхийг хамгаалах ариун үйлсдээ улам их амжилт олохыг хүсэн ерөөе.

Ажлын байран дээрээ, олон нийтийн газарт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, олон нийтийн сүлжээнд, мөн өөрийн гэр орондоо бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн ялгаварлал, хүчирхийлэлд өртөж, нэр төр, эрхэм чанараа гутаалган хохирч буй хүн бүрийн эрхийг хамгаалахын төлөө нэгдэхийг Хүний эрхийн Дээд Комиссарын газраас уриалж байна.

Хүмүүний төрлийг олж төрсөн хэн боловч бусдаас өөр дүр төрх, үзэл бодол, итгэл үнэмшил, бэлгийн чиг баримжаатай байснаараа ямарваа нэгэн ялгаварлал, хүчирхийлэлд өртөх учиргүй. Нийгэмд оршиж буй, өдөр тутам гарч буй хүний эрхийн аливаа зөрчил бүрийг хууль сахиулах байгууллагууд, хүний эрхийг хамгаалах байгууллагууд дангаараа таслан зогсоож хүчрэхгүй билээ.

Олон түмний оролцоо дэмжлэгтэйгээр хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож чадна. Ялангуяа таны оролцоо, дэмжлэг, уриалга хамгаас чухал гэдгийг онцлон хэлмээр байна. Тиймээс та бүхэн хүний эрхийг хамгаалах үйлсэд гүйцэтгэх үүргээ, оруулах хувь нэмрээ чамлалгүй зүтгээрэй.

Хүний эрхийн зөрчил, бусармаг үйлдлийг олон нийтийн сүлжээгээр түгээж олны анхааралд өртүүлэх, бусдадаа дуулган сэрэмжлүүлэх, хүний эрхийн төлөөх аливаа санаачлага хөдөлгөөн өрнүүлэх, оролцон дэмжих, нэмэр хандив өргөх зэрэг бүтээлч үйл, үйлдэл бүхэн чинь эрх нь зөрчигдөж буй хүн бүрт итгэл, найдвар авчирдаг билээ.

Хүний эрхийг хамгаалсны төлөө, бусдын эрхийг хамгаалан тэмцсэний төлөө, дуу хоолойгоо хүргэсний төлөө  заналхийлэх, нэр төр, алдар хүндэд нь халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, мэдээлэл олж авах, оролцох эрх, боломжийг тань хааж боогдуулах, үйл ажиллагааг тань үгүйсгэх, үл ойшоох,  ялгаварлах зэргээр хавчин хяхах, дарамт шахалт үзүүлэх явдал ч гарч магадгүй.

Гэвч энэ бүхний эсрэг Монгол түмэн нийтээрээ нэгдэн дуу хоолой, зорилго нэгтэй хөдөлж, оролцож чадвал хүний эрхийн зөрчил багасах, зарим хэлбэр эцэслэх болно. Интернетэд суурилсан мэдээлэл харилцааны хөгжил нь бүх хүн үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх боломжийг олгож, илүү хялбар, илүү далайцтай болгож байна. Иймд хүний эрхийн төлөө өөрийн хувь нэмэр, дуу хоолойг хүргэхийг Та бүхнээс уриалж байна.

Хүн бүрийн эрхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН

ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

НИЙТЭЛСЭН: 2016-12-13 13:03:16