ДОМОГ, ХУУЧ ЯРИА
Аймгийн газар нутаг, нэр бүхий хүмүүстэй холбоотой
зарим сонин содон домог хууч яриа.
Сэрх богдын домог.
Бигэр, Дэлгэр сумдын хооронд орших нурууг Сэрхийн нуруу гэдэг. Хантайширын нурууны урд залгаа бөгөөд дотор нь Хангийн нуруу, Тавилантайн нуруу, Сэрх гэсэн гурван хэсэг уулсаас бүрдэнэ. Хамгийн өндөр цэг нь 3155 метр өргөгдсөн Сэрх богд юм. Эрт цагт Сэрх богд битүү ой модоор бүрхмэл уул байж гэнэ. Тэр насны ханиа сонгохоор Хангай нутгийг зорьж Эгийн даваагаар давж Булуут цармыг гатлаад гоо үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйтэй учирч амьдралаа холбохоор шийдээд байтал Хангайн эрчүүд мэдэж саад хийжээ. Тэгээд эсвэл гоо бүсгүйгээ орхих, нэг бол ой модоо өгөх болж гэнэ.
Сэрх богд сэтгэлт бүсгүй Гуагаа сонгож Алтай нутагтаа ирж амьдарсан гэнэ. Удалгүй хүүтэй болж Шовгор ягаан гэж нэрлэжээ. Ингээд Хангайн уулс модтой болж, Сэрхийн нуруунд байгаа Сэрх, Шовгор ягаан, Гуа гэсэн нэртэй зэрэгцээ гурван уулын тухай домог яригдсаар иржээ. Сэрх богдын өмнө, Шовгор ягаанаас хойш өөдөөсөө хараа тогтсон 20 мертр орчим өндөр ханан хаднууд яг л хаалга шиг харагддаг. Хуй-хуй хэмээх дээрэмчид довтолж Сэрх богдын өврийг өгсөх гэхэд Улаан хаалгын хоёр хад хоорондоо нийлээд хаагдсан учир дайсан айж ум хумгүй буцан зайлсан гэдэг.
Харин эндхийн байгальд сүр нэмсэн нэг зүйл бол домогт бөх ах дүү Хануй, Цогт-Очир нарын өргөж тавьсан чулуу гэгч юм. Сэрх богдын өврөөр нутаглаж байсан ах дүү бөхийн нэртэй Хануйн бууц гэж одоо бий. Тэд нутгаасаа явах болоход дусргал үлдээнхээр шийдэж Улаан хаалганы амны ханан хадны ёроолд үхрийн чинээ том чулууг авчирч тавиад, хонин чинээ чулуугаар ивүүр хийж суурилуулсан гэнэ. Одоо харахад яг л хүн ингэж тавьжээ гэмээр харагддаг байна.
 
Ээж хайрханы хатмал хүн.
Цогт сумын нутаг Ээж хайрхан уулын 9 тогооны зүүн хойт хадан цохионы ар талд нас нөхцөөд суугаагаараа хатсан хүний шарил бий. Анх Цогт сумын сургуулийн 8-р ангийн хүүхдүүд аялалаар явж байгаад олсон байна. Хойшоо харсан хадын хөмөг дор нарны гэрэл тусдаггүй сүүдэрт суугаагаар нас барсан уг шарил толгойгүй, баруун гарын гурван хуруу нь байхгүй бусад нь бүхлээрээ хувцастайгаа байгаа гэнэ. Урд нь калибр буу байсныг авсан байна. 60аад оны үед Цогт сумын нэгэн залуу ор сураггүй алга болж олон хоног эрэл хайгуул хийсэн боловч олоогүй өнгөрсөн бөгөөд энэ шарилыг тэр хүнийх мөн байх гэж таамагладаг юм байна. Алга болсон тэр хавар аажуухан Ээж хайрхан уулын зүйн хоолойд хэдэн айл байжээ.
Нэг өдөр гурвуулаа Ээж хайрхан ууланд янгир хөөцөлдөж тэмээтэй явцгаажээ. Тэд ан хийж чадаагүй бөгөөд оройхон гэрлүүгээ буцаж явцгааж. Гэтэл өнөө залуу “би тэр хөтөл дээр гарчихаад очье, та хоёр харьж бай” гэж хэлээд салж явжээ. Нөгөө хоёр залуу нь “одоо орой болж байна юу үзэгдэх вэ? хамт харьцгаая” гэсэн боловч “би тун удахгүй” гэсээр байгаад салаад явжээ. Нөгөө хоёр нь гэртээ ирээд хоносны маргааш өглөө нь нөгөө залуу ирээгүй, унаж явсан тэмээ нь гаднаа ирсэн байжээ. Ажиглавал тэмээнийхээ бурантгийг толгойд нь эвхээд тавьсан байж. Унаж явсан тэмээ нь торомтой ирнгэ байсан болохоор гаднаа хүрээд ирсэн, тохомтойгоо байсан гэнэ. Ингээд л хайж эхэлж, сум, аймагт мэдэгдэж хүн хүч дайчлан олон хоног эрцгээсэн боловч бараа сураггүй болжээ.
Уг залуу цэрэгт яваад ирсэн бөгөөд улаан дээлтэй, шар бүстэй калибр буутай байжээ. Олдсон хатмал хүний aye бүс гандаж цагаан болсон боловч бүс дээлийн нугалаасыг үзэхэд улаан aye, шар бүстэй байсны дээр бууных нь ноймор таарч байсан байна. Инээд нутгийнхан уг хүн мөн гэж үзэцгээсэн боловч юуны учир ийм болсон нь таамаг хэвээр үлджээ. Байдал нь хадны ард суугаад өөрийгөө буудаж хороосон болов уу гэмээр байдалтай байсан гэнэ. Бороо хур маш багатай хуурай уур амьсгалтай, тгээд нар тусдаггүй салхи байнга үлээж байдаг газар болохоор уг шарил занданшин хатсан бололтой гэнэ.
 
Зуд “шинждэг” мөс.
Хар азаргын нурууны Халиун сумын нутаг дахь Улиастайн голын Бөөргийн хар хавчигт зуд шинждэг мөс бий гэнэ. Тус сумын хоньчин М.Алтангэрэл хадны завсраар овойтол хөлдсөн мөсийг зааж “тэр мөс ямар өнгөтэй харагдана вэ?” гэж асуув. Хартал цагаан өнгөтэй байв. Тэр мөс ийм өнгөтэй хөлдсөн жил энэ онынх шиг цас зудгүй, харин шар өнгөтэй хөлдсөн жил, тухайлбал ноднингийнх шиг байвал заавал зудтай болдог хэмээн нутгийнхан шинжин ярилцдаг юм даа гэж өгүүлж билээ. Сонирхож судалвал юу хэлэх бол.

 

Хүнхэр зуслангийн рашаан.
Тус аймгийн нутагт байгаа, зарим төрлийн судалгаа хийгдсэн рашаан нь дархан цаазат Хасагт хайрхан уулын зүүн сугад орших Хүнхэр зуслангийн рашаан юм. Үзэсгэлэн төгс өндөр өндөр хадан хясаа, хар модон ойтой, өндөр уулын тунгалаг уст Хүнхэрийн горхины дэргэдэх хар гантиган хадан хясааны агуйгаас дуслан шүүрч байх энэ рашаан гидрокарбонат кальций, магнитай, хоол боловсруулах эрхтнийг сувилах чадалтай ажээ. 1960-аад оноос автомашины зам засаж аймгийн нэгдлүүдийн дундын хүч хөрөнгөөр амралтын газар байгуулж малчдыг амруулж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас өдгээ хүртэл амралтын газар үйл ажиллагаа явуулаад бараг 50-иад жил болжээ.
Аймгийн нутагт одоогоор өөр ашиглагдаж байгаа рашаан үгүй. Тонхил сумын Хөх булаг, Тайшир сумын Цахир булаг зэрэг нутгийн ардууд рашаан хэмээн ууж ашиглаж байдаг булаг ус цөөнгүй боловч яг судлан шинжилж тогтоосон нь үгүй. Хүнхэр зуслангийн рашаан амралтын хувьд улирлын чанартай зуны улиралд ажилладаг нь байгалийн нөхцлөөс шалтгаалж байна. Намар эрт хүйтэрч цас ихээр унадаг, зам харгуй хаагддаг болохоор хүйтэн сэрүүний улиралд ашиглах боломжгүй юм.
НИЙТЭЛСЭН: 2016-03-14 16:30:41