Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн загвар төвийн албан ёсны нээлт

       Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг (цаашид Загвар төв гэх) Говь-алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд байгуулж, нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

       Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын бага туршлагатай залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэ үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм.

       Түүнчлэн, залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 4 долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болно. Сургалтанд хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж мөн бүрдэх юм.

       Загвар төвийн зорилтот бүлэг бол 15-34 насны залуучууд бөгөөд үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой. Гарааны бизнес эрхлэх сонирхолтой байгаа залууст мөн Загвар төвөөс чиглүүлэг өгч, дүүргээс Хөдөлмөрийн газраас тэднийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой. Одоогийн байдлаар тус Загвар төвийг Ховд, Завхан, Өмнөговь аймагт тус тус байгуулж, туршилтын үйл ажиллагааг эхлүүлээд явж байна.

       Энэхүү үйл ажиллагааг Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хэрэгжүүлж байна. Загвар төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд Төслөөс нийт 26 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байна.

НИЙТЭЛСЭН: 2018-04-11 07:27:49