АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ НУТГИЙН ЗОН ОЛОНДОО ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Алтай нутгийн хөдөлмөрч, бүтээлч зон олондоо ирж буй шинэ он, шинэ жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрч буй 2016 он Алтай нутгийнхны маань хувьд хавартаа тавтай сайхан, зундаа нар хур тэгширсэн, намартаа налгар тэнүүн, өвөлдөө өнтэй сайхан жил байж, өргөө хотлоороо сэтгэл тэнэгэр, ажил үйлс нь өөдрөг сайхан байлаа. Ирж буй 2017 он та бүхний минь хувьд зорилго, зорилтоо биелүүлж, амжилт бүтээлээ ахиулсан хөгжил дэвшлийн он жил байх болно гэдэгт итгэл төгс байна. 2016 онд та бүхэн Монгол ардын намд итгэл хүлээлгэн ялалтыг өгсөнд талархаж буйгаа намынхаа гишүүд дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс илэрхийлье. Бид та бүхнийхээ сонголтыг бататгаж нутаг орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ихээхэн санал санаачилгатай ажиллаж, хамтын зүтгэлээр олон зүйлийг хийж бүтээхийг эрмэлзэх болно. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа төр, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн санал санаачилгыг хүлээн авч, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Говь-Алтай аймгийн 2008-2021 онд хэрэгжүүлэх Хөгжлийн цогц бодлого, аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр олонх болсон Монгол Ардын Намын “Алтайгаа хамтдаа хөгжүүлье” мөрийн хөтөлбөр, аймгийн ИТХ-д суудалтай Ардчилсан нам болон МАХН-ын мөрийн хөтөлбөрөөс тусган аймгийн ИТХ-ын III хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулж хэрэгжүүлж эхлээд байна. Ирэх дөрвөн жилд аймаг орон нутгаа хөгжүүлэх, удирдан чиглүүлэх их бүтээн байгуулалтыг цогцлоох асар хариуцлагатай үүргийг бидэнд ногдуулж, урам өгч итгэл хүлээлгэсэн та бүхнийхээ сэтгэл зүйд нийцсэн зөв бодлогоор нутаг орноо хөгжүүлэх болно. Цаг хугацааны түүх болон үлдэж буй хуучин оноо цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж байгаа Алтайчууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргалыг хүсч, ирж буй шинэ ондоо эрхэлсэн хөдөлмөр, зорьсон үйлстээ амжилтын дээдийг гаргахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Алтай нутаг минь цэцэглэн хөгжих болтугай.

                                      Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм

НИЙТЭЛСЭН: 2016-12-27 14:07:11