“ГОВИЙН ГАЙХАМШИГТ 6” ХОЁРДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт болон тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6” санаачлагыг анх гаргасан билээ. 
2016 оны Тахийн талын уулзалтаас хойш жилийн хугацаанд хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт хийж, цаашдын зорилтоо хэлэлцэхээр 2017 оны 09 сарын 25,26-ны өдрүүдэд Цогт сумын Баянтоорой тосгонд амжилттай зохион байгууллаа. 
Тус зөвлөгөөнд говийн гайхамшигт зургаан амьтныг хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Олон улсын баавгай нийгэмлэг, Английн хавтгай хамгаалах сан, Олон улсын Тахь групп, Чехийн амьтны хүрээлэн зэрэг олон улсын байгууллагууд, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь аймгийн төрийн байгууллагууд, нутгийн иргэд, эрдэмтэн, судлаач нар нийт 250 хүн оролцлоо. 
Зөвлөгөөнөөр талууд 1 жилийн хугацаанд амлалтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, 6 гэрт говийн гайхамшигт амьтдын талаар хэлэлцүүлгийг өрнүүллээ. 
“Говийн Гайхамшигт Зургаа” II зөвлөгөөнөөс санаачлагыг идэвхжүүлэх олон талын тэгш оролцоог бий болгох, хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс талуудын оролцоотой “Зохицуулах зөвлөл” бий болгон үйл ажиллагааг жигдрүүлэх, хамтарсан үйл ажиллагааг санхүүжүүлэх механизм бүрдүүлэх, олон улсын судалгаа, шинжилгээ, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй талуудыг өргөн хүрээтэй оролцуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон ажлуудыг хамтран хийхээр санал нэгтэйгээр шийдвэрлэж “Баянтооройн Тунхаг” бичгийг гаргалаа. 
Мөн зөвлөгөөнд оролцогчдыг Хавтгай үржүүлгийн төв, Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газраар аялуулсан бөгөөд оролцогчид өндөр сэтгэгдэлтэй буцлаа. 
“Говийн гайхамшигт 6” III зөвлөгөөнийг 2018 онд Баянхонгор аймагт зохион байгуулахаар боллоо.

НИЙТЭЛСЭН: 2017-10-09 15:10:31