“ГОВИЙН ГАЙХАМШИГТ 6”-Г ХАМГААЛАХ ТАХИЙН ТАЛЫН ТУНХАГЛАЛ ГАРЛАА

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт болон тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэх хамтын ажлын хөрс суурийг бэлдэх зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээх  арга хэмжээг 2016 оны 09 дүгээр сарын 15,16-нд  зохион байгууллаа.  Арга хэмжээг тахийн байгаль дээр ул мөрөө үлдээсэн сүүлчийн газар шороогоор түүхэнд тэмдэглэгдсэн Зүүн гарын говь, одоогийнхоор бол тахийг сэргээн нутагшуулж буй ТАХИЙН ТАЛ хэмээх газар, тодруулбал, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт болсон юм “Говийн гайхамшигт 6”-г цаашид “ГГ-6”, “GG-6” гэхчлэн гадаад, дотоодод хүргэх, ач холбогдлыг нь танилцуулахаар ярьж тохирсон юм.

Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээнд  Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, “Мазаалай” хамгаалах сан, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Монголын үндэсний олон нийтийн телевиз, “Хомын талын тахь” ТББ, МУИС, “Steppe forward” хөтөлбөр, Хустайн байгалийн цогцолборт газар, Тахийн талын тахь нутагшуулах төв, Францын тахь хамгаалах холбоо, Говийн их дархан цаазат газрын “А” болон “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа, Говь-Алтай, Баянхонгор,  Ховд, Завхан аймгийг төлөөлөн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын удирдлага болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ховд аймгийн Алтай сумын Алтангадас баг, Манай аймгийн Тонхил сумын “Алтансоёмбо”, Бугат сумын “Биж” багийн иргэд идэвхтэй оролцсон билээ.

Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Э.Пүрэвжав, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Элбэгжаргал нар оролцож ТАХИЙН ТАЛЫН ТУНХАГ БИЧИГ үйлдэх үйл ажиллагаанд аймгийн болон бусад аймгуудтайгаа хамтран хийж хэрэгжүүлэх ажлуудыг санал болгон тавилаа. Тухайлбал:

1.    Говийн дархан цаазат газрын А хэсэгт орших Толь булаг, Цагаан богдын булгийг тохижуулж, хөв байгуулах.

2.    “Говийн гайхамшигт 6” амьтдыг олон нийтэд сурталчлан таниулах, хамгаалах талаар маркетинг зохион байгуулах

3.    “Говийн гайхамшигт 6” амьтдын бүс нутгаар эрдэмтэн, судлаач, уран бүтээлчдийн аяллыг зохион байгуулах.

4.    “Говийн гайхамшигт 6” амьтдад нэр өгөх эрхийг дуудлага худалдаагаар сурталчлах.

Энэ үеэр эрдэмтэн судлаачид дээрх зургаан амьтны ач холбогдол, үнэ цэнийг тус бүрт нь танилцуулж оролцогчдын мэдлэгийг дээшлүүлж байлаа.

Арга хэмжээний нэг гол үр дүн бол TTT буюу “ТАХИЙН ТАЛЫН ТУНХАГ” бичгийг санал нэгтэй баталж талууд тус бүрдээ хийх ажлаа төлөвлөсөн явдал юм. “Говийн гайхамшигт 6” нэрийн дор нэгдсэн цогц бодлого явуулснаар говь нутгийн экосистемийг хамгаалах асуудлыг ул суурьтай хөндөж, бодлого, хамтын ажиллагаа, судалгаа, хамгаалал, зохистой ашиглалтын талаар зөвлөгөөнд оролцогчид олон нийтэд хандсан уриалга гаргасан явдал юм.

Энэхүү үйл ажиллагааны дараа ТАХИЙН ТАЛЫН бүс нутагтай танилцах аяллыг зохион байгууллаа. Аялал үндсэн 4 маршрутын дагуу зохион байгуулагдсан болно.

 

 

НИЙТЭЛСЭН: 2016-09-20 15:00:00