АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БНХАУ-ЫН ГАНЬСУ МУЖИД АЙЛЧИЛЛАА

               БНХАУ-ын Ганьсу мужийн даргын урилгаар аймгийн Засаг дарга С.Гансэлэм тус мужийн Дунхуань хот, Субэй Монгол хошуунд 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 23-ны өдрүүдэд айлчиллаа.

              Айлчлалын үеэр аймгийн Засаг дарга С.Гансэлэм Дунхуань хотноо болсон “Торгоны замын Олон улсын анхдугаар соёлын экспо”-д оролцож, Говь-Алтай аймаг болон Ганьсу мужийн хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээнд гарын үсэг зурлаа.

              Аймгийн Засаг дарга салбар хорооны 4-р хуралдаанд оролцож, хэлсэн үгэндээ дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн  томоохон арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж, биднийг урьж оролцуулж буй явдалд талархал илэрхийлэн цаашид соёлын солилцоог идэвхижүүлж, үндэсний уламжлалт соёл, урлагийг сурталчилан таниулахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж  хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүслээ.    

            Мөн мужийн дарга Ли Дун болон холбогдох албаны хүмүүстэй уулзан цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр БНХАУ-ын Ганьсу мужийн Ланьжоу, Жючан, Дунхуань хотын удирдлагуудтай танилцан, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар уулзалт хийж боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, Ганьсу мужийн Баруун Хойд Үндэсний Их Сургуульд хятад хэл сурах хүсэлтэй сурагч, залуусыг сургах, багш солилцох, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. 

            Мөн хил залгаа орших Субэй Монгол хошуунд айлчилж тус хошууны хот төлөвлөлт болон үндэсний соёл, уламжлалт зан заншлыг сурагчдад өвлүүлэн сургаж байгаа байдалтай танилцан Субэй Монгол хошууны удирдлагуудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хил залгаа оршиж буй Монгол үндэстэн ах дүү нартай уулзаж, танилцах сайхан боломж бүрдүүлсэнийг онцлон тэмдэглэж, иргэд хоорондын харилцаа, тэр дундаа соёлын харилцааны эхлэлийг муж, хотуудын урлагийн байгууллагуудын солилцоо, үндэсний урлагийг сурталчилах ажлаар эхлүүлж, аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээний урилгыг гардуулан өгч Субэй Монгол хошууны иргэдэд тус чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг толилуулахаар тохиролцлоо. 

НИЙТЭЛСЭН: 2016-09-29 15:11:11