Уур амьсгал
Тус аймагт өндөр уулын, хуурай хээрийн, цөлөрхөг говь хээрийн уур амьсгал зонхилно. Бас чийглэгдүү хүйтэн тагийн болон дулаан говь цөлийн уур амьсгал хагас цөл нутаг хийгээд өндөр уулын оройн хэсэгт бүрэлджээ.
Өндөр уулсын хуурайдуу хүйтэвтэр уур амьсгал нь аймаг дахь Монгол Алтайн гол нуруу тухайлбал мянган Угалзтын нуруу, Бүс хайрхан, Алаг хайрхан, Хар азаргын нуруу, бурхан буудай уул зэргийн ян сарьдаг, тагаас дооших ар, өвөр хажуу, бэлийн 2000-2800 м-ийн өндөрт бүрэлджээ. Түүнчлэн аймгийн нутаг дахь Монгол Алтайн нурууны хойд салбар Сутай хайрхан, Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Хантайширын нуруу болон өмнөд салбар Бурхан буудай уулын тэрхүү хэсэгт өндөр уулын уур амьсгал төлөвшжээ. Эдгээр өндөр уулсын хуурайдуу уур амьсгалын мужийн 7 дугаар сарын ижил утгын шугам +20 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм бөгөөд дээрх нутагт жилөдээ нийлбэр дүнгээр 80-135 мм орчим хур тунадас унана.
Харин дурдан буй уулс, нуруудын 2800 м ба түүнээс дээш өндөр чийглэгдүү хүйтэн тагийн уур амьсгалын муж бүрэлджээ. Энд 7 дугаар сарын ижил утгын шугам +16 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шгум -24 хэм орчим бөгөөд жилд нийтдээ 135 мм-энэс дээш хур тунадас унадаг учир аймагтаа хамгийн чийглэг нутгууд нь юм.
Хуурай сэрүүн уулын хээрийн уур амьсгалын муж аймгийн нутгийн 1600-2000 м өндөрт орших тодруулбал, Алтайн өмнөд говийн ууландаа ойрхон бэл, хонхор, хотгор, цав толгод мөн Дарви, Хасагт хайрхан, Хантайшир, Сэрхийн уулсын хормой, бэлийн буурц хотгоруудаар /Гүзээн тээлийн буурц, Цагаан олом, гуулингийн тал, тахийн тал гэх мэт/ болон Идрэнгийн нуруу, Атас богд орчмоор бүрэлдэн тогтжээ. Уур амьсгалын энэ мужид 7 дугаар сарын ижил утгын шугам +24 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм орчим ба жилийн нийлбэр дүнгээр 48-80 гаруй мм тунадас унана.
Дулаавтар цөлөрхөг хээрийн уур амьсгалын муж Шарга, Хүйсийн говь, Монгол элсний орчим нутаг болон Бигэр, Халиун, Шалын хоолой, Алаг нуурын говь, Захуй, зармангийн говь, аймгийн хамгийн өмнөд нутаг хатан суудлын тал зэрэг нутгаар зонхилох бөгөөд энд 7 дугаар сарын ижил утгын Шугам+24 хэм илүү, 1 дүгээр сарын ижил утгын шугам -16 хэмээс доош байх ба жилийн нийлбэр дүнгээр 48мм орчим тунадас унана.
Аймгийн өмнөд болон баруун өмнөд хилийн багахан хэсэг нутаг тодруулбал, Алтайн өвөр говь бүхэлдээ, тэрчлэн Шаргын говийн төв хонхор, Захуйн говийн төв хонхорт дулаан говь цөлийн уур амьсгал бүрэлдсэн ба энд жилийн нийлбэр дүнгээр 48 мм-ээс бага хур тунадас унадаг, 7 дугаар сарын ижил утгын шугамаар авч үзвэл, аймагтаа хамгийн халуун /+30хэмээс дээш/ болдог газрууд юм.

Дээр дурдсанаас дүгнэн хэлбэл Говь-Алтай аймагт хуурай, сэрүүвтэр болон гандуу дулаан зун хийгээд хахир, хахирдуу өвөл болдог байна.

 

НИЙТЭЛСЭН: 2017-01-24 11:42:41