БАРУУН БҮСИЙН БАНКНЫ САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН

Монгол банкнаас 2 дахь жилдээ банкны салбарын удирдах ажилтнуудын бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд баруун бүсийн зөвлөгөөн Говь-Алтай аймагт  2018.08.23-25 хооронд явагдаж өнгөрлөө.

Энэхүү зөвлөгөөний зорилго нь бүсийн банкны салбарын ажилтнуудад Монголбанкнаас  мөнгөний бодлогын болон банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх, салбаруудын ажилтнууд Төв банкны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх талаар хийж буй ажлын туршлага, санал бодлоо хуваалцан хэлэлцэх, тэдний бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн..

Зөвлөгөөнийг нээж Монгол банкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үг хэлсэний зэрэгцээ аймгийн удирдлагууд оролцон зөвлөгөөнд оролцогсдод амжилт хүсэн мэндчилгээ хүргэлээ. Энэхүү зөвлөгөөнд ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер урилгаар оролцон ОУВС-аас Монгол улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Бүсийн банкны салбарын ажилтнууд 3 өдөр үргэлжилсэн зөвлөгөөний хүрээнд “2018онд хэрэгжүүлж буй төрийн мөнгөний бодлогын үр дүн, 2019 онд баримтлах үндсэн чиглэл”, “ Банкны салбар дахь технологийн чиг хандлага: Fintech” , “Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” “Төв банкнаас хэрэгжүүлж буй банкны салбарын бүтэц, хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн үр нөлөө” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга сонсож, ярилцлага хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй ажил болсон байна.

Зөвлөгөөний нэгэн онцлог нь бүсийн банкны салбарын ажилтнууд аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахын зэрэгцээ гар бөмбөгийн нөхөрсөг уулзалт тэмцээнийг зохион байгуулан оролцооны мөнгийг Хантайшир, Хар азаргын нуруунд бугын янзага нутагшуулж буй “Алтайн халиун буга” ТББ-ын ажиллагаанд хандивлалаа. Зөвлөгөөнд Төв банкны удирдлага, мэргэжилтгүүд, Монголбанкны баруун бүсийн салбарын ажилтнууд, ХААН, ХАС, Капитал, Капитрон, Төрийн банкуудын төв болон бүсийн удирдах ажилтнууд зэрэг нийт 60-аад зочид, төлөөлөгчид оролцож банкны салбарын бүтэц, хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр болон бусад тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг, ярилцлага хийлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2018-08-28 08:13:28