ИРЭХ ОНЫ ЭХНИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ДЭЭД ХУГАЦААГ 30 САР БОЛГОНО

ИПОТЕКЭЭС БУСАД ИРГЭДИЙН ЗЭЭЛД ЭНЭ ШИЙДВЭР ХАМААТАЙ

-Шинэ зохицуулалтын хамрах хүрээг танилцуулахгүй юу?
-Мөнгөний бодлогын хорооноос гаргасан энэхүү шийдвэр нь банкнаас иргэдэд олгох зээлийн хугацааг хамгийн ихдээ 30 сар байхаар тогтоосон. Ипотекээс бусад иргэдийн зээлд энэ шийдвэр хамаатай. Энэ шийдвэр нь Мөнгөний бодлогын хорооны өмнөх хурлаас гаргасан иргэдийн хэрэглээний зээлийн өр орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох шийдвэртэй уялдан гарч байгаа шийдвэр юм. Өөрөөр хэлбэл иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлнө гэсэн үг. Эдгээр шийдвэрүүд нь иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэйгээс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнессийн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж бид харж байгаа. Гэхдээ иргэдийн зээлийн өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоохдоо зээл олгох дээд хязгаарыг тогтоохгүй  бол үр дүн багатай байдаг. Өөрөөр хэлбэл иргэдийн зээлийн хугацааг сунгах замаар өр, орлогын харьцааны дээд хязгаарыг хангах боломжтой юм. Иймээс иргэдэд олгох ипотекээс бусад зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг гаргасан. Банкуудын иргэдийн зээлийн дундаж хугацаа 27 сар байна. Тэгэхээр дийлэнх иргэн 30 сараас бага хугацаатай зээлтэй. Цалингийн болон авто машины лизингийн зээлийг урт хугацаагаар авах тохиолдол бий. Тэтгэврийн, малчны зээлүүд хоёр жилээс бага хугацаатай байна. Урт хугацаатай зээл авахын тулд тухайн иргэний ажлын байр төдий хугацаагаар баталгаатай байх ёстой. Гэтэл манай эдийн засаг гадаад сөрөг шоконд 5 жилээс бага хугацаанд өртдөг. Бид уул уурхайгаас ихээхэн хамааралтай. Энэ салбар гадаад зах зээлтэй шууд холбоотой. Эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг уул уурхай болон уул уурхайгаас хамаарал өндөртэй салбарууд хангадаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 4 жилээс бага хугацаанд өсөж, уруудаж байна. Үнийн өөрчөлтийг дагаад компаниуд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлээ өсгөх, бууруулах шийдвэрээ гаргадаг. Гадаад сөрөг шокийн нөлөөгөөр хувийн сектор үйлдвэрлэлээ бууруулахдаа хамгийн түрүүнд ажлын байраа цөөлнө. Ажилгүй болсон эсвэл иргэдийн бодит орлого буурах тохиолдолд иргэдийн авсан зээлийн эрсдэл нэмэгдэх болно. Иймд иргэдийн зээлийн дээд хугацааг 30 сар болгосон.

-Энэ шийдвэр худалдаа үйлчилгээний байгууллагуудад хэрхэн нөлөөлөх вэ?
-Зарим ААНБ-д богино хугацаанд нөлөөлж болзошгүй. Тухайлбал шинэ, өндөр үнэтэй авто машин импортлогчид байна. Тэд урт хугацааны зээл олгодог учраас энэхүү шийдвэр үйл ажиллагаанд нь нөлөөлнө.

-Банкуудын зохистой харьцааны үзүүлэлтэд өөрчлөлт оруулан, 30 сар гэсэн хугацааг хэрэглээний зээлд цаашид байнга мөрдөх боллоо. Банкууд энэ шийдвэрийг яаж хүлээж авсан бэ?
-Бид банкуудын иргэдийн зээлийн төлөвийг нэг  жил гаруй хугацаанд судалж, газар дээр нь шалгалт хийж, нарийвчилсан мэдээлэл цуглуулсан. Хэрэглээний зээл яагаад өсөв, ямар эрсдэл байна гэдгийг судалсан юм. Ингээд иргэдийн зээлд өр орлогын харьцааг зайлшгүй тогтоох, зээлийн дээд хэмжээг 30 сар болгон тогтоох шаардлагатай гэж үзсэн. Энэхүү шийдвэр нь банкны секторт тодорхой эрсдэл үүсэхээс өмнө, урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа макро зохистой бодлогын нэг арга хэмжээ юм. Нэгэнт эрсдэл үүссэний дараа түүнийг шийдвэрлэхэд их хэцүү. Өндөр өртөгтэй, эдийн засагт илүү их хохиролтой. Иргэдийн чанаргүй зээл нэмэгдсэн хойно биш өмнө нь сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэсэн үг. Сүүлийн жилүүдэд банкны иргэдийн зээл 40-50 хувиар нэмэгдсэн бол ААНБ-уудад олгосон зээл бараг өсөлтгүй байсан. Сүүлийн арван жилд өрхийн өрийн ДНБ-д эзлэх хувь 2 дахин өссөн. Өрхийн өрийн дарамт нэмэгдэх үзэгдэл манай эдийн засагт шинэ зүйл. Өмнөх хямралын үедүүдэд тохиолдоогүй. Өмнөх хямралын үед өрхүүдийн зээл бага байсан тул хэрэглээгээ багасгах боломж байсан байна. Харин одоо орлогынхоо 70 хувийг зээлд төлж буй өрхийн нэг гишүүн ажилгүй болох эсвэл инфляц, ханшийн нөлөөгөөр орлого нь буурах тохиолдолд наад захын хэрэглээгээ хангахад хүндрэлтэй болж хэрэглээгээ хумих, улмаар эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлтэй. Хэрэв иргэдийн орлого буурах, ажлын байраа алдах тохиолдолд иргэн хэрэглээгээ танахаас гадна иргэдийн зээл чанаргүй болох эрсдэлтэй. Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн хэрэглээний зээлийн хугацаа болон өр, орлогын харьцааг хязгаарлах шаардлага үүссэн гэж хэлж болно. Өрхийн зээл чанаргүй болох нь цаашлаад нийт эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэх эрсдэлтэйг бид бусад орнуудын түүхээс харсан. Жишээ нь АНУ-д 2008-2009 онд ипотекийн зээлд маш бага эрсдэлтэй гэж үзээд зээлээ үргэлжлүүлэн олгоод байсан. Бага орлоготой өрхүүдэд олгож байсан ипотекийн зээлийн хөтөлбөр бүхэл бүтэн санхүүгийн хямрал болж хувирсан шүү дээ.

-2019 оны эхний өдрөөс шинэ зохицуулалтыг мөрдөнө. Одоо зээлтэй иргэдэд энэ журам хамаарах уу?   
-Хамаарахгүй. Шинээр зээл авах, зээлийн нөхцөлөө өөрчлөх иргэдэд хамаатай.

-Жишээ нь 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан иргэн зээлээ сунгах бол яах вэ?
-30 хүртэл сар болгон сунгаж болно.

-Хэрэглээний зээлийг хязгаарласан бас нэг зорилго нь бизнесийн зээлийг дэмжих юм байна. Ингэснээр ирэх онд ямар хэмжээний санхүүжилтийг бизнесийн зээлд зарцуулах боломж бүрдэх вэ?
-Ойролцоогоор 1.3 их наяд төгрөг. Гэхдээ энэ нь багцаа тоо. Учир нь энэхүү тооцоо нь банк болон  иргэд энэ бодлогын арга хэмжээнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс ихээхэн хамаарна. Дээр дурдсанчлан банкууд хэрэглээний зээл биш, бизнесийн зээл түлхүү олгосноор олон талын ашигтай. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт өссөнөөр ажлын байр өснө, дагаад иргэдийн орлого ч нэмэгдэнэ. Иргэдийн цалин өсвөл илүү өндөр дүнтэй зээл авч болно. Цаашлаад компаниудын үйлдвэрлэлийг нэмэх, эдийн засгийг өсгөх давуу талтай. Ер нь санхүүгийн бүх эх үүсвэрээ иргэдийн хэрэглээний зээлд зориулах нь тийм зөв сонголт болж чадахгүй. Энэ төрлийн зээлүүд ажлын байр нэмэхгүй, өрийг л өсгөнө. Өмнө нь нийт зээлийн 60 хувь бизнесийн, 40 хувь нь хэрэглээний зээл байсан бол одоо нийт зээлийн 57 хувь иргэдийн зээлд ногдож байна.   

-Ирэх оноос иргэдийн зээлд эдгээр зохицуулалтуудыш мөрдөж эхлэхээр ББСБ-аас зээл авах иргэдийн тоо өсөх нь.
-ББСБ-уудыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцдаг учраас Монголбанкны шийдвэр нь зөвхөн банк дагаж мөрддөг. Гэхдээ санхүүгийн системийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ талаар СЗХ-ны удирдлагуудтай ярилцахаар төлөвлөж байна. Банкуудын иргэдийн зээлийн хүү ББСБ-ынхаас бага. Тэгэхээр банкны зээлийн эрэлт хэвээр байна. Хүмүүс бага хүүтэй зээл авахыг илүүд үзнэ шүү дээ. Хэрэглээний зээлийн хугацааг 30 сар болгосноор хүү бууруулах боломжийг банкуудад олгоно. Өнөөг хүртэл банкууд хүүний бус аргаар өрсөлдөх хандлага давамгайлж ирсэн. Зээлийн хугацааг уртасгах, өр орлогын харьцааг нэмэгдүүлэх гэх мэтээр нөхцөлөө өөрчилдөг байсан. Харин одоо хүүгээ бууруулах замаар л харилцагч татах зам руу орлоо.                   

-Энэ шийдвэр банкуудын ашигт ажиллагаанд нөлөөлөх үү?
-Төдийлөн нөлөөлөхгүй. Ашигт ажиллагаагаа хэвийн хадгалахад олон сонголт бий. Тэд бизнесийн зээлээ нэмэгдүүлэх боломжтой. Мөн харилцагчдаа тодорхой түвшинд хадгалж үлдье гэвэл хүүгээ бууруулж болно. Банкуудад богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ч нийт эдийн засагтаа урт хугацаанд ямар эерэг нөлөө үзүүлэх талаар би түрүүн тайлбарласан.              

-Ярилцсанд баярлалаа.

Эхийг: www.mongolbank.mn

НИЙТЭЛСЭН: 2018-10-02 03:37:25