“ХАЛААСАНД БУС ХЭТЭВЧИНД, ОВООНД БУС ХЭРЭГЛЭЭНД” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Говь-Алтай аймгийн нийт иргэд ээ

Монголбанкнаас санаачлан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг өрнүүлж байна.

Судалгаагаар Монгол төгрөгийн насжилт дундаар 3.8 жил байгаа нь дэлхийн бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Иргэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэдэггүй, хэтэвчинд биш халаасандаа нугалж үрчийлгэн хийдэг, түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийн хувьд төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй бурхан тахил, уул овоонд өргөх байдлаар зүй бусаар ашигладаг нь төгрөгийн насжилтыг багасгах үндсэн шалтгаан болдог байна.

 

Монгол Улс мөнгөн тэмдэгтийг өндөр зардлаар гадаадад хэвлүүлдэг бөгөөд мөнгөн тэмдэгтийг захиалахаас эхлээд түүнийг гүйлгээнд гаргах, хадгалах, хуучирч муудсаныг татан авч устгах үе шат бүхэн өртөг, зардалтай.   

 

Тиймээс мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээ нь эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой, нөгөө талаар хувь хүн, иргэдийн эх орныхоо түүх, соёл, тусгаар тогтнолын илэрхийлэл, үнэт зүйлийг хүндэтгэн харьцах соёл, зөв дадал байх учиртай.

 

Аяны хүрээнд Монголбанкны салбар, аймгийн арилжааны банкууд хамтран иргэдэд мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг таниулах, төлөвшүүлэх, орон нутгийн хүн ихээр зорчдог овоонд ил задгай тавьсан мөнгийг цуглуулах зэрэг тодорхой ажлуудыг зохион байгуулна.

 

НИЙТЭЛСЭН: 2020-09-04 17:41:46