БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

Эх дэлхийд эцэг өвгөдийнхөө бахархалт түүхээр гайхуулсан Монголын тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол  Улс байгуулагдсаны 811 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг Алтайчууд та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Алтайчууд бидний заяа буян түшиж, байгаль дэлхий нар хураа хайрлаж, нутаг ус маань өгөөж баян сайхан зуншиж, хүн зоны сэтгэл тэнэгэр байгаа энэ л өдрүүдэд эрийн гурван наадмаа шимтэн үзэж, бахдан биширч, баярлан цэнгэж байна.
Монголчууд азай буурал ахмадууд, ирээдүй болсон хүүхэд багачууд, энэ цагийн түүхийг бүтээгчид гээд үе үеийнхний хамтын их баяр цэнгэл болсон үндэсний их баяр наадмаараа ёс уламжлалаа дээдэлж, түүх шашдираа хүндэтгэж, нийтийн ололт амжилтаараа бахархан баярладаг ард түмэн билээ.
Нэр алдар нь төрөлх Алтай нутагтаа төдийгүй улс, дэлхийн хэмжээнд дуурссан урлаг соёл, спортын алдартнууд, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд бидний дундаас олон арваараа төрөн гарч, идэвх зүтгэл, хөдөлмөр бүтээл, авьяас чадвар, эрдэм ухаанаараа улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг баяр наадмын өдрүүдэд бахархан дурсахад таатай байна.  
Бидний өнгөрснийг бүтээж өнөөдөрт хүргэсэн ахмад настан азай буурлууд, өнөөдрийн түүхийг бичилцэж яваа идэр залуу үе, ирээдүйн хөгжлийг цогцлоох хүүхэд багачууд гээд энэ нутгийн ажилч ард түмний нөр их хичээнгүй хөдөлмөрийн үрээр эдийн засаг болон нийгмийн бүхий л салбарт тодорхой өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг тэмдэглэн хэлэхэд бахархалтай байна.   
Түүнчлэн Алтайчууд бид эрүүл аюулгүй, амар тайван амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон арван хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, хөгжлийн түүчээ болсон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, олон ажлыг өрнүүлсэн амжилт бүтээлээр Үндэсний их баяр наадмаа угтаж байгаадаа баяртай байна.
Өвөг дээдсийн үеэс уламжлагдан ирсэн, их түүхт, эрх чөлөөт Монгол түмний бэлгэшээл, бахархлын дээд улс үндэсний баяр наадмаараа айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд сэтгэл тэнэгэр баярлан цэнгэхийн ерөөлийг Алтай сайхан нутаг минь цэцэглэн хөгжиж, ард түмний маань амьдрал дэвжин дээшлэхийн ерөөлтэй хамтатган дэвшүүлье.
Үндэсний их баяр наадамдаа эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ

НИЙТЭЛСЭН: 2017-07-08 16:24:28