АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ АЛТАЙ НУТГИЙНХАА ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.

Аав ээжийн амин эрдэнэ, эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.
Жил бүрийн 6 дугаар сарын нэгний өдрийг Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярын өдөр болгон дэлхий нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
​ Монгол ёс уламжлалаа мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, зөвд зөөлөн, бурууд хатуу, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг Монгол иргэн болохын тулд хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой, зорилго бүр нь амжилттай, гэрэл гэгээ дүүрэн байх учиртай.
​Хүүхэд ирээдүйд ямар хүн болж төлөвших нь эцэг эхийн олгож байгаа хүмүүжил , анхаарал халамж, гэр дүүрэн хайр энэрлээс эхлэлтэй байдаг учраас үр хүүхдэдээ бахархан дуурайх эцэг эх байцгаая хэмээн та бүхэндээ уриалж байна.

​Бид хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хөгжил хамгаалалд чиглэсэн “Хүүхдэд –Ээлтэй Алтай”, “Эрүүл хүүхэд”, “Оюунлаг Алтайчууд” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Нэгдсэн үндэсний Байгууллагын Хүүхдийн сантай хамтран 2020 он хүртэл “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
​Хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэн 2017 онд 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байна. Мөн дутуу баригдсан барилга байгууламжуудыг яаралтай ашиглалтад оруулах арга хэмжээг авч, энэ хүрээнд 2013 оноос барилгын ажил нь зогссон “Хүүхэд, залуучуудын ордон”-ы үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлүүлэн 9-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

​Говь-Алтай аймгийн нийт өрх гэр бүл, хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг дахин дэвшүүлье.

Хүүхэд бүхэн жаргалтай байх болтугай.

Та бүхнийг хүндэтгэсэн,
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн,
аймгийн Засаг дарга С.Гансэлэм

 

НИЙТЭЛСЭН: 2017-06-01 10:02:04