ДАВХАР АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

2016.01.17

ДАВХАР АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

Давхар ажил эрхлэлт  гэдэг нь үндсэн ажлынхаа хажуугаар зохих зөвшилцөл, гэрээний дагуу болон төрөл бүрийн хэлбэрээр бие даасан нэгээс илүү байгууллагын  үйл ажиллагаанд оюуны болон биеийн хүчээ зарцуулан мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр цалин, хөлс авч ажиллахыг хэлнэ.

НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ТА  нийтийн албанд нийтийн болон  хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу дараа дараах ажил, албан тушаалыг давхар эрхэлж болно.

18.5.1 Хууль  тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил

18.5.2.багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил

18.5.3.ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг.

 

Жишээ 1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Дэлгэрийг эрх бүхий байгууллагаас “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит үйлдвэрийн газарт төрийн өмчийн төлөөлөгчөөр томилж, тэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон байна. Тэрээр төрийн өмчийн төлөөлөгчөөр ажилласны төлөө тогтоосон цалин хөлс авдаг юм.

Дэлгэрийн энэхүү үйлдлийг хуулиар хориглоогүй. Тэрээр эрх бүхий байгууллагаас албан ёсны төлөөлөгчөөр томилогдсон тул энэ ажлыг давхар эрхэлж болно.

18.6.Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал,  сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.

Жишээ 2. Тус  аймгийн  дугаар сургуулийн захирал Бурмаа мод тарьдаг бөгөөд үүнээс бага бус орлого олдог.

Бурмааг ойн аж ахуй эрхлэх ажлыг давхар гүйцэтгэж болохыг хуулиар зөвшөөрсөн байна.

Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журам

19.1.Албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж, эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан танилцуулга хүлээн авсан албан тушаалтан ажлын байрны шаардлагыг харгалзан 30 хоногийн дотор давхар эрхэлж болохгүй алба, ажил, үүргээс чөлөөлөгдөх, гэрээ болон эрхийг цуцлах эсэх тухай шийдвэр гаргаж холбогдох албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.

Жишээ 3. Иргэн Баяр нь төрийн өмчит нэгэн компанид гадаад харилцаа хариуцсан орлогч захирлаар ажилладаг. Тэрээр дүүргийн Татварын хэлтэст гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр орсон бөгөөд ажилд орсон даруйдаа хэлтсийн дарга Доржид энэ тухай бичгээр танилцуулсан байна.

Хэлтсийн дарга Дорж хуульд заасны дагуу 30 хоногийн дотор давхар ажил эрхлэхээ зогсоох шийдвэр гаргахыг Баярт мэдэгджээ.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Хууль зүйн хэлтсийн 70484583 дугаарын утсанд хандана уу.

Аймгийн ЗДТГазрын Хууль зүйн хэлтэс