Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөө нь 1) Говь-Алтай аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн давуу болон сул тал; 2) Говь-Алтай аймгийн хөгжлийн алсын хараа, тэргүүлэх чиглэлүүд; 3) Говь-Алтай аймгийн хүний хийгээд нийгмийн хөгжлийн бодлого (үүнд: Ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого, Хүн ам зүйн бодлого, Боловсрол, соёлын хөгжлийн бодлого, Эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого); 4) Говь-Алтай аймгийн эдийн засгийн өсөлт, хөгжлийн бодлого (үүнд: Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийн бодлого, Дэд бүтцийн хөгжлийн бодлого, Хот байгуулалт, барилгын салбарын хөгжлийн бодлого); 5) Говь-Алтай аймгийн байгаль орчны бодлого; 6) Хүрэх гол үр дүн, хэрэгжилтийг хангах механизм гэсэн 6 бүлэг, Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2009-2015 он) гэсэн хавсралтаас бүрдэж байгаа болно.

Говь-Алтай аймгийн хөгжлийн 2021 он хүртэлх алсын харааг хүний хөгжилд тулгуурлан эдийнзасгийг эрчимтэй хөгжүүлж хүн амын амьдралын түвшинг тууштай дээшлүүлэн, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, Монгол Улсын өөрөө өөрийгөө тэтгэдэг, оновчтой бүтэцтэй, мэдлэгт суурилсан эдийн засагтай, цэцэглэн хөгжиж буй аймаг болоход оршино гэж тодорхойлов.

            Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөөг дараах таван тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгав. Үүнд:

  1. Аймагт мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, хүнийг бүх талаар хөгжүүлнэ.
  2. Дэлхийн болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, аймгийн эдийн засгийг олон талтай, мэдлэгт суурилсан болгоно.
  3. Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.
  4. Аймгийн төв, сумдын төвүүдийг хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.
  5. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон чадавхийг бий болгонцөлжилтийг сааруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.

 

Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөөнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны урт хугацааны хөгжлийн стратегийн зорилтууд, хүрэх үр дүнг 2009-2015 он, 2016-2021 он гэсэн үндсэн хоёр үе шатаар тусгав.

Энэхүү цогц бодлого, төлөвлөгөөг боловсруулахдаа эдийн засаг математикийн загвар ашиглан аймгийн эдийн засгийн өсөлт, салбарын бүтцийн өөрчлөлтийг дээр дурьдсан үе шатуудаар тодорхойлсон болно.

Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дараахь томоохон үр дүнд хүрнэ гэж тооцов:

I үе шат (2009-2015 он)-ны эцэст бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, эдийн засгийн өндөр өсөлтийг хангах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн эзлэх байр суурь сайжирч, ДНБ-ий жилийн дундаж өсөлт 20 хувиас доошгүй өсч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 4.5 сая төгрөг буюу 3,8 мянган ам. долларт хүрнэ.

Хонины болон тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулагдан оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болно. Ямааны ноолуурын үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, мах боловсруулах бага, дунд оврын үйлдвэр, сүү боловсруулах бага, дунд оврын үйлдвэр тус тус байгуулагдан ажиллаж эхлэнэ.

Орчин үеийн технологиор хүнсний ногоо, жимс жимсгэнийг савлаж борлуулах үйлдвэрлэл бий болно. Өндөр технологи хэрэглэн аймагт түгээмэл тархсан барилгын материалын түүхий эдийг боловсруулж цемент, барилгын бетон хийцүүд, тоосго, эрдэс будаг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Чацаргана, улаан хальст сармис, арвайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байгуулагдана.

Аялал жуулчлалыг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ бүх чиглэлээр хөгжинө. Ингэснээр эдийн засгийн салбарын бүтцэд ихээхэн эерэг өөрчлөлт орж ДНБ-ний 26 хувийг аж үйлдвэр барилгын салбарт, 36 хувийг ХАА-н салбарт, 38 хувийг үйлчилгээний салбарт тус тус үйлдвэрлэнэ. Мөн аж үйлдвэрийн салбарын ДНБ-ий 54 гаруй хувийг боловсруулах салбарт үйлдвэрлэж, экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэл бий болно.

Геологи, уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарын ДНБ энэ үе шатанд жилд дундажаар 9 хувиар өсч, аж үйлдвэрийн салбарын ДНБ-ий 42 хувийг үйлдвэрлэх болно. Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, малын үүлдэрлэг чанарыг сайжруулан, газар тариаланг өргөтгөн хөгжүүлснээр ХАА-н салбарын үйлдвэрлэл энэ үе шатанд жилд дундажаар 10 хувиар өснө.

Мөн аймгийн хэмжээнд ядуурлыг 2 дахин бууруулж, ажилгүйдлийн түвшинг 2 хувиас дээшгүй байлгаж, ЕБС-ийг 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлж, дотуур байранд суух хүүхдийн тоог 2 дахин нэмэгдүүлэн, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл болон нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлт тутамд 25.8 болгож бууруулна.

II үе шат (2016-2021 он)-ны эцэст эдийн засгийн бүтэц ихээхэн сайжирч, дэвшилтэт техник, технологи, менежмент бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ өсөн мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурь тавигдах ба өмнөх шатанд байгуулагдсан уул уурхайн болон боловсруулах салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрч нэг хүнд ногдох ДНБ-ийг 9 сая төгрөг буюу 7.5 мянган ам. долларт хүрнэ.

Эдийн засаг энэ үе шатанд жилд дундажаар 17 хувиас доошгүй өсөж, аймгийн ДНБ-ий 37 хувийг аж үйлдвэр барилгын салбарт, 43 хувийг орчин үеийн үйлчилгээний салбарт тус тус үйлдвэрлэнэ.

Мөн түүнчлэн Бургастайн боомтыг түшиглэн худалдааны чөлөөт бүс, Алтай хотод “Алтай” үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдана.

Энэхүү цогц бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Говь-Алтай аймаг хоцрогдлыг харьцангуй богино хугацаанд даван туулж, аймгийн хүн ам төрж өссөн нутагтаа ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэх болно.