БЯЦХАН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН

2020.03.26

     “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагын орон нутгийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг 13 настай Л.Анударь охин өөрөө санаачлан амны хаалт оёж “Үе тэнгийн найзуудад маань өгөөрэй” хэмээн аймагтаа үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын орон нутгийн хөтөлбөрийн менежер Т.Наранчимэгт хүлээлгэн өгчээ.

    Ингэхдээ хөл хориотой үед цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, маск авч чадахгүй байгаа найз нартаа туслах зорилгоор оёдолчин эмээдээ өөрийн санаагаа хэлснээр түүний хүсэл биеллээ олсон байна.

       Л.Анударь хэлэхдээ “COVID-19 вирус олон хүний амь насыг үгүй хийж байгаад сэтгэл их түгшиж байна. Монгол хүүхдүүд, том хүмүүс битгий өвдөөсэй, мөн найзууддаа хандаж маскаа сайн зүүгээд, гараа сайн угаагаарай" гэж зөвлөсөн байна.