ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

2016.03.01

Төрийн албаны зөвлөлийн 2010 оны

12 дугаар сарын 01-ний өдрийн 129

дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН

ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН

БАЙГУУЛАХ, ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ХЯНАН

ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү  журмын зорилго нь төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн  этгээд, төрийн албан хаагч /цаашид “Гомдол, мэдээлэл гаргагч” гэх/-ийн гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2. Төрийн байгууллага нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай  гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон энэхүү журмыг баримтална.

 

Хоёр. Байгууллагын Ёс зүйн хороо

           

2.1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалыг эрхэлж байгаа төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллага бүрт төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороо  ажиллана.

 

2.2. Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлд тус Зөвлөлийн даргын, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлтэй төрийн байгууллагад тухайн салбар зөвлөлийн даргын, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагад томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулж, Ёс зүйн хорооны даргыг томилно.

 

2.3. Ёс зүйн хороог бүрдүүлэх, түүний даргыг томилохдоо албан хаагчдын саналыг авах бөгөөд түүний бүрэлдэхүүнд бусад төрийн байгууллагын албан хаагч болон иргэнийг оролцуулж болно.

 

2.4. Тухайн төрийн байгуулагын төрийн захиргааны албан хаагчийн тоо 10 хүрэхгүй бол Ёс зүйн хороо байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд тухайн төрийн байгуулагын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын Ёс зүйн хороо шалган тогтоож,  дүгнэлт гаргана.

                       

2.5. Ёс зүйн хороо  нь дараахь эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

 

                        2.5.1.  төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах;

 

            2.5.2. гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо,  материал, баримт бичгийг шаардан авах;

 

                        2.5.3. гомдол, мэдээллийн нууцлалыг хадгалах, шаардлагатай гэж үзвэл, гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандах;

 

            2.5.4. гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх;

 

                        2.5.5. энэхүү журмын 1.2-т заасан гомдол, мэдээллээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мөрөөр, түүнчлэн өөрийн санаачлагаар болон байгууллагын удирдлагын шийдвэрээр ёс зүйн зөрчлийг шалган тогтоож,  дүгнэлт гаргах.

 

2.6. Ёс зүйн хороо нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тухай мэдээг энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу хагас болон бүтэн жилээр  гаргаж, мөн оны 7 дугаар сар болон дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор харьяалах аймаг, нийслэл, яам, агентлагийн дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд, тухайн салбар зөвлөл нь нэгдсэн дүнг мөн сарын 20-ны дотор Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороонд yoszui@csc.gov.mn хаягаар тус тус ирүүлнэ. /энэ хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2011 оны   10 дугаар  сарын  20-ны өдрийн 98  дугаар  тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

2.7. Энэ журмын 2.6-д зааснаас бусад Төрийн байгууллагууд төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тухай мэдээг 2.6-д заасан хүснэгтийн дагуу хагас болон бүтэн жилээр  гаргаж, мөн оны 7 дугаар сар болон дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор yoszui@csc.gov.mn хаягаар Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороонд ирүүлнэ. /энэ хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2011 оны   10 дугаар  сарын  20-ны өдрийн 98  дугаар  тогтоолоор нэмэлтээр оруулсан/

 

 

Гурав. Гомдол, мэдээллийн харьяалал

 

            3.1. Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын Ёс зүйн хороонд тухайн Зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтан түүнчлэн тухайн байгууллагын болон энэхүү журмын 2.4-т заасан төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээлэл хамаарна.

           

3.2. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагын Ёс зүйн хороонд  тухайн байгууллагын болон түүний харьяа төрийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээлэл хамаарна.

 

Дөрөв. Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэх

 

            4.1. Ёс зүйн хороо дүгнэлтээ энэхүү журмын 2.2-т заасан эрх бүхий байгууллага,  албан тушаалтанд танилцуулна.

 

            4.2. Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл нь Ёс зүйн хорооны дүгнэлтийг тус тусын хуралдаанаар хэлэлцэнэ.

 

4.3. Төрийн захиргааны албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулахаар гаргасан Ёс зүйн хорооны дүгнэлтийг Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл хэлэлцээд, үндэслэлтэй гэж үзвэл, шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд холбогдох баримт, материалын хамт хүргүүлнэ.

 

4.4. Энэхүү журмын 2.2.-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Ёс зүйн хорооны дүгнэлтийг хянаж үзээд, дараахь үндэслэлээр дахин шалгуулахаар Ёс зүйн хороонд буцаах шийдвэр гаргаж болно. Үүнд:

 

            4.4.1. ёс зүйн зөрчил гаргасны нотолгоо, баримт бичгийн бүрдэл хангагдаагүй;

            4.4.2. холбогдох нотолгоо, баримт бичиг, материалыг шалгаагүй буюу хангалтгүй шалгасан.

           

 4.5. Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөл төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээлэл үндэслэлгүй болохыг тогтоосон Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцээд, зүйтэй гэж үзсэн бол шийдвэрийг холбогдох талуудад мэдэгдэнэ.

 

4.6. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан нь Ёс зүйн хорооны дүгнэлтийн дагуу тухайн төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагагүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаж, холбогдох талуудад мэдэгдэнэ.

 

Тав. Төрийн захиргааны албан хаагчийн

ёс зүйн хэм хэмжээг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

5.1. Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлийн шийдвэр болон  Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагын Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан  хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана.

 

            5.2. Ёс зүйн зөрчил нь гэмт хэргийн болон авлигын шинжтэй бол харьяаллын дагуу шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлнэ.

 

            5.3. Төрийн захиргааны албан хаагч нь эрх бүхий албан тушаалтны сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргаж болно.

 

 

 

 

-*оОо*-